Пауэрлифтингийн тамирчид улсын аваргын төлөө өрсөлдөж байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-01-08 08:37:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо /МПНХ/-ны хүчний гурван төрөл /таталт, шахалт, түлхэлт/-ийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна.


Спортын төв ордны “А” зааланд нэгдүгээр сарын 7-10-нд зохион байгуулж буй тав дахь удаагийн энэ тэмцээнд 36 багийн 400 орчим тамирчин өрсөлдөж байгаа юм. Тус тэмцээнээс медаль хүртсэн тамирчид тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болно.


Тэмцээний нээлтийн ёслолд МПНХ-ны ерөнхийлөгч З.Буяннэмэх, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга нар оролцож, өндөр амжилт гаргасан ажилтнууд болон тамирчдаа шагнаж урамшуулав.


Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр Азийн аварга, шүүгч О.Батбилэг, ДАШТ-ий хүрэл медальт Ш.Чанарав, Д.Мягмарпүрэв, Спортын алдар одонгоор МПНХ-ны менежер Б.Энхбаяр, Алтан-Од шагналаар Н.Цэцэгсайхан, Д.Баяржаргал нарыг шагнав. Мөн энэ үеэр олон улсын хэмжээний мастер цолыг гурав, спортын мастер цолыг хоёр, дэд мастер цолыг 12 тамирчин гардан авлаа.


Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны баг тамирчид 2019 онд тив, дэлхийн тэмцээн уралдаанаас 40 алт, 55 мөнгө, 45 хүрэл медаль хүртжээ. МПНХ-ноос 2020 онд паралимпын наадмаас алтан медаль хүртэх зорилт дэвшүүлээд байгаа аж.

Холбоотой мэдээ