Нийт нутгийн 60 гаруй хувийг зудын их эрсдэлтэйд тооцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-01-06 16:17:36

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн энэ сарын эхний байдлаар гаргасан мэдээгээр нийт нутгийн 60 гаруй хувьд зудын нэн их буюу их, 20 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй гарчээ.

Орхон, Хишиг-Өндөр, Могод, Гурванбулаг, Рашаант, Дашинчилэн, Бүрэгхангай сумын нутгаар зудын эрсдэл нэн ихтэй, Баян-Агт, Хангал, Сайхан, Баяннуур сумын нутгаар ихтэй гарч өвөлжилт, хаваржилт тавгүйрхэж магадгүй байна.

-Өнгөрсөн жил зуншлага оройтсон, бэлчээрийн даац хэтэрч гарсан нутгаар болон манай аймгийн урд сумдын нутгаар малчид отор нүүдэл их хийж байгаагаас туурайн зуд болох эрсдэлтэй байна. Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилтад нөлөөлөх байдал үүсэх бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ гэж Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн дарга С.Жаргалсайхан ярилаа.

Холбоотой мэдээ