Засгийн газар 1.5 их наяд төгрөгийн өр төлбөр барагдуулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-01-03 10:53:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Өрийн дарамтыг бууруулах" Засгийн газрын зорилтын хүрээнд, 2019 онд арилжааны нөхцөлтэй өндөр хүүтэй зээл авахгүйгээр төсвийн сахилга батыг сайжруулж 1.5 их наяд төгрөгийн өр төлбөрийг төлж барагдуулаад байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш 8 их наяд төгрөгийн өр төлбөрийг төлснөөр Засгийн газрын өр (ӨҮЦ) ДНБ-ий 55 хувь болж 2016 оноос хойших хамгийн бага түвшинд хүрээд байгаа талаар Сангийн яамнаас мэдээлж байна.

Түүнчлэн Засгийн газрын өрийн дарамтыг бууруулах зорилт, арга замыг тодорхойлсон стратегийн баримт бичгийг УИХ-аар батлууллаа. Улмаар өрийн дарамт цаашид тасралтгүй буурч 2022 онд ДНБ-ий 40 хувьд хүрэх зорилт тавиад байна.

Нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байгаа Засгийн газрын 29 тусгай санд хийсэн санхүүгийн хяналт, шалгалтын үр дүнд үндэслэн Засгийн газрын тусгай сангуудыг оновчтой зохион байгуулж, ил тод байдал, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг шинэчлэн батлууллаа.

Хуулийн шинэчилсэн найруулгаар нийт 7 санг татан буулгаж, 2 санг нэгтгэн зохион байгуулж, нэг санг шинээр нэмээд байна. Засгийн газрын тусгай сангуудад хийсэн санхүүгийн хяналт, шалгалтаар 422.8 тэрбум төгрөгийн зөрчил, дутагдлыг илрүүлж, тэдгээрийг арилгах акт, албан шаардлага, зөвлөмжийг өгч ажиллаад байна.  


Холбоотой мэдээ