АНУ Ойрхи Дорнод руу цэрэг илгээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/. Иракийн нийслэл Багдад хот дахь АНУ-ын Элчин сайдын яаманд /ЭСЯ/ халдсантай холбоотойгоор тус улс Ойрхи Дорнод руу цэрэг илгээхээр болжээ. Энэ тухай Пентагоны тэргүүн Марк Эспер Twitter хуудсандаа мэдээлсэн байна.
“Тус бүс нутагт 750 орчим цэргийг нэн даруй байрлуулна. Мөн ойрын хэдэн өдөрт нэмэлт хүч илгээхэд бэлэн байна. Энэ нь АНУ-ын иргэд, байгууламжуудад учирч болзошгүй аюулын эсрэг зохистой бөгөөд урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм. АНУ аль ч улсад өөрийн иргэд болон эрх ашгаа хамгаална” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Сири улстай хил залгаа оршдог Эль-Каим хот дахь шиит шашинтнуудын "Катаиб Хезболлах" бүлэглэлийн хуаран руу АНУ-ын Агаарын цэргийн хүчин халдсаныг эсэргүүцсэн жагсаал 12 дугаар сарын 31-нд Багдад хот дахь АНУ-ын ЭСЯ-ны өмнө болсон байна. Агаарын цохилтын улмаас 25 хүн амиа алдаж, 50 гаруй хүн шархаджээ. ЭСЯ-ны хамгаалалтын албаныхан болон цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий бүхий гранат хэрэглэж, агаарт хэд хэдэн удаа хий бууджээ.
"Military Times" сонинд мэдээлснээр, АНУ ЭСЯ-аа хамгаалахаар тэнгисийн 100 явган цэрэг хэдийнэ байрлуулсан байна.