В.Путин Д.Трампт талархал илэрхийлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярихдаа, Орост үйлдэх гэж байсан террорист халдлагыг таслан зогсооход тусалсан мэдээлэл өсгөнд түүнд талархлаа илэрхийллээ гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
"Тусгай албаны шугамаар ОХУ-д террорист ажиллагаа явуулахаас урьдчилан сэргийлэхэд тусалсан мэдээлэл өгсөнд В.Путин Д.Трампад талархлаа илэрхийлэв. Түүнчлэн хоёр улсын харилцан сонирхсон олон асуудлыг хэлэлцэж, терроризмтой тэмцэх чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцлоо" гэж хэвлэлийн мэдээлэлд дурджээ. Хоёр улсын удирдагчид ОХУ-ын талын санаачилгаар утсаар ярьсан байна.
Аравдугаар сард Д.Трамп “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадиг устгасантай холбогдуулан ард иргэддээ хандан үг хэлэхдээ, уг ажиллагааг явуулахад туслалцаа үзүүлсэнд юуны өмнө ОХУ-д талархал илэрхийлсэн юм.
Орост террорист ажиллагаа явуулахаар зэхэж байсан хэд хэдэн хүний талаарх мэдээллийг АНУ терроризмтой тэмцэх чиглэлээр тусгай албадын хооронд тогтоосон байнгын холбоо харилцааны хүрээнд өгсөн гэж ОХУ-ын Улсын аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников 10 дугаар сарын 17-нд мэдээлсэн байна. Тэрбээр ийм солилцоог анх удаа хийгээгүй гэдгийг цохон тэмдэглэжээ. Тухайлбал, урьд нь АНУ 2017 онд Санкт-Петербург хотын Казанийн сүмд үйлдэх гэж байсан халдлагыг мөрдөн шалгахад туслалцаа үзүүлж байсан бол ОХУ Бостоны марафон гүйлтийн үеэр болсон террорист халдлагыг шалгахад АНУ-д тусалж байжээ. Терроризмтой тэмцэх ийм ажиллагааг мөн бусад орны тусгай албадтай хамтран идэвхтэй явуулж байна гэж Бортников онцлон хэлсэн байна.