"Ном эрдэм" аян 20 дахь жилдээ өрнөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-12-26 22:45:47
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Ном Эрдэм" аян 20 дахь жилдээ шилдэг уншигчдаа шалгарууллаа.
Аяны хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагаагаараа сумын шилдэг сургуулиар Бөмбөгөр сумын сургууль, төвийн шилдэг сургуулиар "Номгон" ахлах сургууль, шилдэг цэцэрлэгээр зургадугаар цэцэрлэг тус тус шалгарсан байна.
Мөн шилдэг 20 хүүхдийг шалгаруулсан бол шилдэг номын санчаар "Номгон" ахлах сургуулийн номын санч Г.Эрдэнэчимэг, Бөмбөгөр сумын сургуулийн номын санч Т.Содончимэг, Номгон бага сургуулийн номын санч Ж.Дугар, Богд сумын сургуулийн номын санч Д.Оюунгэрэл нар тодорчээ.
Анх 1999-2000 оны хичээлийн жилд эхэлж байсан тус аян өдгөө 20 жил тасралтгүй үргэлжилж буй. Энэ хугацаанд 132 мянган уншигч 2.5 сая ширхэг ном уншсан гэсэн тооцоолол гарсан байна.
Аяны хүрээнд 50 гаруй нэр төрлийн соён гэгээрүүлэх, сургаж хүмүүжүүлэх ажлыг 700 удаа зохион байгуулсан бол 12 мянган шилдэг уншигчийг шагнаж урамшуулахад 62 сая төгрөгийг зарцуулжээ.
Сонирхуулахад, "Ном Эрдэм" аян өргөжин 2012 онд "Ном Эрдэм аян" ТББ болсон төдийгүй 2013 онд Зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан байна. Мөн тус төрийн бус байгууллага 2016 онд " Интерном-Баянхонгор" салбарыг байгуулжээ.
Холбоотой мэдээ