Монгол дээлээрээ гоёх аян өрнүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2019-12-25 18:29:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Долоо хоног бүрийн нэг өдрийг үндэсний хувцасны өдөр” болгох зорилгоор ХХААХҮЯ Монгол дээлээрээ гоёцгооё аян”-ыг өрнүүллээ.

Тус яамнаас өмнө нь үндэсний ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих үүднээс өдөрлөг зохион байгуулж байсан бол энэ удаа ийнхүү монгол хувцасны буюу монгол дээлийн аян эхлүүлэв.

Аян нь үндэсний өв соёл, бахархлыг хадгалан хамгаалах, уламжлан хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилготойг ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газраас тодотгов.


Манай улсад үндэсний хувцасны загвар дизайн, технологи, бүтээгдэхүүнийг амжилттай хөгжүүлж байгаа. Гэсэн хэдий ч хэрэглээний цар хүрээ хязгаарлагдмал байсаар байна. Ийм учраас өдөр тутмын бодит хэрэглээг албан ёсоор бий болгон, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өв соёлоо хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхээр тус газраас Үндэсний хувцасны өдөр”-тэй болох санаачилга гарган улмаар улс орон даяар нэвтрүүлэхээр судалгаа хийж байгааг мэдээллээ.

Аяныг дэмжин ХХААХҮЯ-ны ажилтнууд 12 дугаар сарын 20-25-нд үндэсний хувцсаараа гоёх аянд идэвхтэй хамрагдлаа.


Тодруулга: Оёмол бүтээгдэхүүн хувцас үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрлэгчид үндэсний дээлийн загвар дизайныг боловсронгуй болгон, инновац шингэсэн импортыг орлох экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх чиглэлд онцгойлон анхаарч үндэсний дээлийг өдөр тутмын, гоёлын, гадуур хувцасны гэх мэт нэр төрлөөр өрхийн үйлдвэрлэгчээс эхлээд олон тооны салон, захиалгат хувцасны төв, үйлдвэр ААН-үүд үйлдвэрлэж байна.

Өнгөрсөн оны байдлаар 18.327 дээл, тэрлэг үйлдвэрлэсэн байна. Бүтээгдэхүүний дундаж үнийг 150 мянган төгрөг гэж тооцвол 2.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 1.2 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлсэн байна.

Холбоотой мэдээ