ДБЭТ-ын тайзнаа "Цөмөөхэй" балетыг 6 дахь жилдээ тавьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2019-12-23 09:49:04
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн таван тивийн ихэнх орны сонгодог урлагийн тайзнаа шинэ жилийн баяраар тавигддаг П.И.Чайковскийн "Цөмөөхэй" балет Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн дэглэлтээр ДУЭТ-ын тайзнаа 12 дугаар сарын 20-нд нээлтээ хийж, 20, 21-ний өдрүүдэд эхний 4 удаагийн тоглолтоо хийлээ.


Монголын балет хөгжлийн сангийн "Цөмөөхэй" төслийн хүрээнд зохион байгуулж буй тус балет 27, 28-ны өдрүүдэд дахин 4 удаа тоглох бөгөөд гол дүр Кларад О.Ариунбилэг, А.Софи, И.Ундрам, С.Хангоо, Б.Бадмаараг, Э.Хонгорзул, Б.Отгонгэрэл, Б.Анаргэрэл нарын 8 балетчин ур чадвараа сорьж байна.

Мөн бусад дүрүүдэд ДБЭТ-ын балетийн бүжигчид, Монголын балетын үндэсний сургуулийн сурагчид тоглож байна.


"Цөмөөхэй" балетын гол дүр Кларагийн дүү Фрицийн найзуудын нэгний дүрд энэ жил Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас Б.Сугараа хүү хүрэлцэн ирж оролцож байгаа юм. Аав, ээжийн хамт цаа буга малладаг 12 настай уг хүү өнгөрсөн намар МУГЖ Д.Алтанхуягийг өөрийн нутагт нь аялах үеэр танилцаж, "Цөмөөхэй" балетад уригджээ.


Энэ жилийн хувьд 8 өдрийн тоглолтод 8 өөр Клара бүжиглэхийн зэрэгцээ 20-ны өдрийн оройн тоглолтод Цөмөөхэйн дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, Амтатны дагинын дүрд ОХУ-ын Пермийн балетын театрын жүжигчин Р.Булган нар тоглож хослон бүжиглэсэн нь онцлог байлаа. Балетчин Р.Булган урилгаар ганцхан тоглолтод оролцсон юм.

Монголын балет хөгжлийн сангаас 6 дахь жилдээ зохион байгуулж буй "Цөмөөхэй" балетын ивээн тэтгэгчээр ХААН банк ажиллаж байна.














Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ