НҮБ Тогтвортой хөгжлийг дэмжигч нарт өргөмжлөл гардууллаа

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2019-12-20 16:25:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс дахь НҮБ-ын газраас Тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжигч нийгмийн идэвхтэн, судлаач, багш нар, уран бүтээлчид болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг өнөөдөр НҮБ-ын байранд хүлээн авлаа.


Энд хүүхдийн эрхийг хамгаалах хөдөлгөөнийг нийгэмд үүсгэн бодит үйл ажиллагаа явуулж буй “Ид шидийн орон” төслийг санаачлан хэрэгжүүлэгч Ч.Ганжавхлан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон хүний эрхийг хамгаалагч Б.Болороо, Байгаль орчны мэдээлэл сургалтын төвийн захирал, багш Э.Шинэцэцэг, жүжигчин Б.Амарсайхан, дуучин Ука буюу Д.Уламбаяр, хийлч Дэлгэрцэцэг, залуу төгөлдөр хуурч Ч.Есөнхөнд, Б.Төрмөнх, хийлч Э.Эмүүжин, зураач Б.Энхтуяа, сэтгэл судлаач Д.Лхамсүрэн, Үндэсний хөгжлийн газрын мэргэжилтэн С.Сюзанна, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн талаар ажиллаж буй “Ирээдүйн төлөөх баасан гараг” Монголын хөдөлгөөний идэвхтэн, сурагч У.Номундарь, “РекОн” хамтлаг, эко клуб ажиллуулж буй “Орхон Хасу” сургуулийн багш, сурагчид, бүжиг дэглээч Ж.Номгонмаа болон “М^Артс” хамтлаг, агаарын бохирдлын сэдвийг хөндөн ураан бүтээл туурвиж буй Н.Оргилтуяа захиралтай Монголын Балетын хөтөлбөрийнхөн оролцов.


Тэдэнд НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра өргөмжлөл гардууллаа. Тэрээр хэлэхдээ, дэлхийд нийтэд тавигдаад буй Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хамгийн эхэнд ядуурлыг бууруулах явдал оршиж буйг хэлж, ядуурал нь эдийн засаг, нийгмийн олон салбартай холбоотой байдагийг “Ядуурлыг устгаж чадаагүйтэй холбоотойгоор дэлхийд, Монголд олон зуун мянга, сая хүн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүртэхгүй байна. Инэснээрээ хүмүүст маш олон бололцоог хааж хязгаарлаж байгаа”-гаар тэмдэглэсэн юм. Тиймээс дэлхийн хүн бүрт ажиллаж, амьдрахад нь тэгш бололцоог олгохын төлөө, хүн төрөлхтөн аз жаргалтай, сайн сайхан амьдрахын төлөө идэвхтэй тэмцэн ажиллаж буй хүмүүс та нар юм шүү гэдгийг онцлон талархаж буйгаа илэрхийлсэн юм.


Зураг дээр: "Тэргэнцэртэй мисс" тэмцээний бүжигчин Н.Цолмон, Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг урлагийн тайзанд тэнцэхгүй гэж надад нэг захирал хэлж байсан. Би хүн л юм чинь яагаад мөрөөдөлтэй байж болохгүй гэж. Гэсэн ч би тайзан дээр гарч бүжиглэж чадсан. Одоо дэлхийн тайзан дээр гарахыг хүсч байна” гэсэн юм.  


Дуучин Ука: Жендерийн тэгш байдал, тэр дундаа хүчирхийллийн талаар өөрийн бодлоо хуваалцаж, дуу хоолойгоо хүргэхийг хүсдэг


Тогтвортой хөгжлийн төлөө ажиллаж буй нийгмийн гишүүд НҮБ-ын суурин төлөөлөгчийн газраас өнгөрсөн 10 дугаар сарын 1-нээс олон нийтэд чиглэн эхлүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилгуудын төлөөх 3 сарын аянд идэвхтэй оролцогчид юм гэдгийг Монгол дахь НҮБ-ын Олон нийт хариуцсан ажилтан Л.Номин тодотгож байлаа. Аянаар НҮБ-ын дэргэдэх Залуучуудын зөвлөлдөх хорооны гишүүд өөрсдийн сурдаг их, дээд сургуулиудын оюутан залуус үе тэнгийнхэндээ Тогтвортой хөгжлийн зорилгын талаар лекц уншиж, үүнд Монголын 9 их, дээд сургуулийн 1000 гаруй оюутан хамрагдсан байна.  



НҮБ байгуулагдсны 75 жилийн ой ирэх онд тохиох бөгөөд үүнийг угтан тус байгууллагаас Тогтвортой хөгжлийн төлөө хүн бүрийн оролцоог ханган ажиллахыг уриалж байгааг НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра өнөөдрийн үйл ажиллагааны үеэр дуулгасан юм.



Б.Болд

Холбоотой мэдээ