Сум хөгжүүлэх сан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-12-17 21:52:50

Завхан /МОНЦАМЭ/.Завханы Завханмандал сум СХС-гийн зээлийг үр ашигтай зарцуулах, шаардлагатай иргэнд өгч жижиг дунд үйлдвэрлэлийг бодитоор дэмжсэнээр 60 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй болжээ.

Сум хөгжүүлэх сангийн зээлийг 2011 оноос өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож байгаа бөгөөд одоо эргэлтийн хөрөнгө 190 гаруй сая төгрөг байна. Иргэд хүү багатай зээл авснаар өрхийн амьжиргаагаа дэмжин гар урлал, мужаан, гагнуур, төмс хүнсний ногоо, блок үйлдвэрлэл, сүү цагаан идээ, хүнсний үйлдвэрлэл явуулж орлогоо нэмэгдүүлж байна.

Энэ сангийн зээлийг ажилгүй иргэдийг дэмжих тал дээр илүү анхаарч хүү багатай зээлийг олгосноор үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо жил бүр нэмэгдэж байна. Иргэдэд зээлийг олгохдоо журмын дагуу сумын ИТХ-аас зээлийн дээд хэмжээ болон доод хязгаарыг тогтоон хяналтын зөвлөлийг ажиллуулж олгож байгаа. Харин сангаас зээл авсан, хугацаа хэтрэлттэй байгаа зарим иргэнд мэдэгдэл өгч шүүхээр шийдвэрлүүлж байна. Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийг аймаг, хот, сумын үзэсгэлэн худалдаанд байнга оролцуулж бараа бүтээгдэхүүнийг нь сурталчлах, борлуулалтыг нь нэмэх ажлыг тогтмол явуулж байгаа талаарх мэдээллийг сумын ЗДТГ-аас өглөө.


Жижиг цехүүд байгуулснаар ажлын байр нэмэгдэнэ

Завханмандал сум энэ жил нэхийний цехтэй болохоор төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Учир нь аймгийн Засаг даргын санаачилгаар сум бүрд жижиг үйлдвэр байгуулах төслийг эхлүүлж энэ жил Улаанбаатар хотод хөрөнгө оруулагчдын чуулганыг зохион байгуулсан. Энэ чуулганы үр дүнд сумын иргэдээс санал асуулга авч нэхий элдэх жижиг цех байгуулах, чулуугаар төрөл бүрийн эдлэл хийх чулуу зүсэгч багаж төхөөрөмжийг авахаар шийдсэн. Энэ үйлдвэрлэлийг явуулснаар иргэд үнэгүй хаягдаад байгаа нэхийгээ элдэж дээл хувцас, гэрийн дулаалга хийх, зах зээлд борлуулж орлогоо нэмнэ. Мөн чулуугаар төрөл бүрийн сийлбэр, хөөрөг, бусад эд зүйлсийг үйлдвэрлэн зах зээлд борлуулах боломжтой болох юм. Сумын ЗДТГ дээрх хоёр цехийг байгуулах төслөө эхлүүлж хөрөнгө оруулагчидтайгаа гэрээ хэлэлцээрийн түвшинд явж байгаа. Ажилгүй иргэдийнхээ судалгааг гаргаж сургалтад хамруулж байна. Энэ хоёр жижиг цехийг байгуулснаар 30 орчим ажилгүй иргэд байнгын ажлын байртай болох боломжтой юм хэмээн Завханмандал сумын ЗДТГ-аас нэмж мэдээллээ.


Иргэддээ өрхийн орлогоо нэмэх боломжийг олгожээ

Завханмандал сум иргэдээ цалингаас гадна нэмэлт орлоготой байх боломжийг бүрдүүлжээ.

Тухайлбал сумын иргэдийг жимс, жимсгэнийн мод тариалахыг уриалж модыг нь нийлүүлж өгчээ. Өнөөдрийн байдлаар 110 га талбайд чацарганын мод тариалж жилдээ 5-10 тонн чацаргана хураан авч байна. Мөн алим, чавганы модыг худалдан авч иргэддээ үнэ төлбөргүй өгч тариалсан нь ч үр жимсээ өгч эхэлжээ. Жимс жимсгэнийн мод тарих ажилд төрийн албан хаагчид, малчид, бизнесийн болон ногоочдын төлөөллөөс бүрдсэн баг хамтран ажилласан. Энэ үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө Ховд аймгийн Булган сумын жимсний аж ахуйн үйл ажиллагаатай хамтарсан багийн иргэд танилцан туршлага судалсан. Мөн малчид, төрийн албан хаагчид, бизнесийн төлөөлөл 50 гаруй иргэнийг ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсад бизнес аялалд оролцууллаа. Эдгээр иргэд маань зэргэлдээ улс орны зан заншил, соёл, ахуй амьдралыг судлахаас гадна хамтран ажиллах хөрөнгө оруулагчдыг татах, ижил төрлийн бизнесийн шинэ санаа, туршлагыг судлаад ирсэн нь үр дүнгээ өгч байгаагаа тус тус мэдээллээ.  

Холбоотой мэдээ