Булган аймгийн хөгжлийн хэтийн зорилтыг боловсруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-12-16 10:09:36

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын хуралдаанаас аймгийн хөгжлийн хэтийн зорилтыг боловсруулах чиглэлийг аймгийн Засаг даргад өглөө.

2010 онд аймгийн ИТХ “Булган аймгийн хөгжлийн цогц бодлого /2010-2021/”-ыг баталсан юм. Аймгийн хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх ажлыг аймгийн гурван Засаг дарга дараалан үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусган амжилттай хэрэгжүүлж байна гэж аймгийн ИТХ-аас мэдээллээ.

2010 онтой харьцуулахад аймгийн хүн ам 15,8 хувиар өсч 62,2 мянга болжээ. 2021 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 6,5 сая төгрөгт хүргэж, мэдлэгт суурилсан, өөрөө өөрийгөө тэтгэдэг эдийн засгийг бий болгоно гэж цогц бодлогод дэвшүүлж байжээ. Энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5,3 сая төгрөг байгаа юм.

Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, төрөөс баримтлах дунд хугацааны бодлогууд, бүсчилсэн хөгжлийн бодлого, аймгийн хөгжлийн хэтийн чиг хандлага, төлөв зэрэгт үндэслэн  Булган аймгийн хөгжлийн хэтийн зорилтыг боловсруулан 2021 онд аймгийн ИТХ-д танилцуулахыг аймгийн Засаг даргад даалгасан байна.

Холбоотой мэдээ