Кюшү аралд 44 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-19 12:40:33

ТОКИО. /TASS/. Дөрөвдүгээр сарын 14-нөөс хойш газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсээр байгаа Японы баруун өмнөд хэсэгт оршдог Кюшү аралд гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 44-т хүрч нэмэгдсэн байна.  Тус улсын эрх баригчдын мэдээлснээр, аврагчид хөрсний гулгалт болсон бүс нутагт хоёр хүний цогцсыг илрүүлжээ.

Одоогийн байдлаар 94 мянган хүн нүүлгэн шилжүүлэх цэгүүдэд толгой хоргодсон хэвээр байна. Байгалийн гамшгийн улмаас тээврийн харилцаанд саатал гарсан нь гамшигт өртсөн бүс нутгуудад ус, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэрхшээл учруулж байна.

Гамшигт өртсөн хүмүүст Америкийн цэргийн албан хаагчид тусламж үзүүлж эхэлсэн байна. Тэд MV-22 загварын нисэх онгоцоор бартаа саад ихтэй газруудад хүмүүнлэгийн тусламж хүргэж байгаа аж.

Ундны ус ихээхэн хомсодсоны улмаас Кумамото мужийн шоронгийн хашаанд нүүлгэн шилжүүлэх цэгийг шинээр нээжээ. Мужийн шорон худагтай учир ундны усны хомсдолд ороогүй байна. Энд 150 орчим хүнийг байрлуулжээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, 160 мянга орчим айл өрх ундны усгүй болсон бол 100 мянган орон сууцны хийн хангамж зогссон байна. Кумамото мужийн нисэх онгоцны буудал өнгөрсөн өдрүүдэд хаалттай байсан бөгөөд өнөө өглөө эхний нислэгийг хүлээж авчээ.

Д.Жаргал

 

 

 

Холбоотой мэдээ