Өрхүүдийн орлогын өнгө төрх

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-12-11 16:19:50

Монгол улс 914 мянган өрхтэй. Өрх тус бүрийн мөнгөн орлого өөр өөр байна. Энэ талаар Үнэсний статисткийн хороо (ҮСХ) мэдээллээ. Тэрхүү мэдээллээс харвал 300 мянган төгрөг хүртэл мөнгөн орлоготой өрх  улсын хэмжээнд 42 мянга байх юм. Энэ судалгаа мөнгөн орлого багатай өрхүүдийн талаар төрөөс явуулах бодлого, арга хэмжээний суурь нь болж өгнө.  Эдгээр өрхүүдийг Засгийн газрын тогтоосон хөдөлмөрийн хөлснийн доод хэмжээн (ХХДХ)-ээс доогуур (320 мянган төгрөг) орлоготой гэж ойлгож болно.

Гэхдээ  бага орлогтой өрхийн тоо бусдаасаа хамаагүй цөөхөн байна. Тухайлбал улсын хэмжээний хамгийн өндөр мөнгөн орлоготой 116 мянган өрх байна. Тэдний сарын мөнгөн орлого 2.1 сая төгрөгөөс дээш байгаа аж. Улсын хэмжээний  өндөр мөнгөн орлоготой өрх, хамгийн бага орлоготой өрхөөс 74 мянгаар илүү байх жишээтэй.

Мөн 300-500 мянган төгрөгийн мөнгөн орлогтой 118 мянган өрхтэй. ҮСХ-оос нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн аж ахуйн нэгж, иргэдийн  судалгаанд тулгуурлан  ажиллагчдын сарын дундаж цалинг тооцож гаргадаг. Түүнээс үзэхэд хөдөө аж ахуй, загас агнуур бөөний төвийн салбарын ажилчдын сарын дундаж цалин 500 мянган төгрөг байдаг гэж тооцогддог. Тэгэхээр тухайн салбарт ажилладаг иргэдийн толгойлсон өрхүүд энэ бүлэгт багтсан байх магадлалтай. Цаашлаад 700-900 мянган төгрөгийн орлогтой өрх 117 мянга, 900 мянгаас сая 100 мянган төгрөгийн орлоготой 99 мянган өрх байна

Манай улсын хамгийн олон буюу 193 мянган өрх 1.1-1.6 сая төгрөгийн мөнгөн орлоготой гэж гарчээ.  Сарын дундаж цалин 900 мянган төгрөг хүртэл бүлэгт гол төлөв эмч, багш, төрийн үйлчилгээний салбарын ажиллагчид багтдаг. Гэр бүлийн хоёр хоёулаа багш, эмчийн ажилтай өрхүүд, энэ 193 мянган өрхөд багтсан байх боломжтой. Өрхийн тэргүүн, гишүүн та аль салбарт ажиллаж, хэдэн төгрөгийн цалин авч байгаагаасаа хамаарч танайх хэдэн төгрөгийн мөнөгөн орлоготой өрхийн бүлэгт багтаж байна вэ гэдгээ харах боломжтой. Мөн 1.6-2.1 сая төгөргийн мөнгөн орлоготой өрх 114 мянга байна.

Өрхийн мөнгөн орлогод гишүүдийн авдаг сарын цалингаас гадна ам бүлд нь багтдаг ахмад настаны тэтгэвэр орно. Энд цохон тэмдэглэхэд  уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн өндөр байдаг аж.  Улсын хэмжээний 914 мянган өрхийн мөнгөн орлогыг өнгийн харвал өнгө төрх нь ийм байна.

Ер нь нийт өрхийн сарын дундаж  мөнгөн орлого  1.2 сая төгрөг байхад, зарлага 1.3 төгрөг байна гэж ҮСХ мэдээлсэн. Хэрэв бид зөв амьдарч байгаа бол зарлагаасаа давсан орлоготой байх ёстой. Гэвч бидний орлогоос зарлага давжээ.  Өрх тус бүрийн зарлага орологоосоо давсан, энэ нөхцөлд хуримтлалын талаар ярих боломжгүй. Харин өр байна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл “алаагүй баавгайн арьс” хувааж бид амьдарч байгаа бололтой. Төрийн бодлого, үйл ажиллагаа өрхийн мөнгөн орлогыг нэмэхийн төлөө байгаа нь ойлгомжтой. Гэхдээ зарлагаасаа давсан орлоготой байхын тулд хүн бүхний зүтгэл хэрэгтэй болжээ. Ийм учраас өрх бүр эхний ээлжин (2020 онд багтан)-д орлого, зарлагаа тэнцүүлье. Дараа нь зарлагаа танаж, орлогоо өсгөж хуримтлалтай больё.

“Өртэй хүн өөдлөхгүй, өттэй мал таргалахгүй” гэж монголчууд ярьдаг. Өт малын мах “иддэг” бол өр "хүний мах иднэ”. Өрөнд "махаа идүүлэх”, үгүй нь таниас хамаарна. Зарлагаасаа давсан орлоготой болоход, өрхийн гишүүн таниас олон зүйл шалтгаалж таарна. Өрх бүр зарлагаасаа давсан орлоготой болох болтугай.

Холбоотой мэдээ