1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахыг судлах чиглэл өгөв

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-10 18:36:49
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсож, энэ оны цэвэр ашгаас ногдол ашгийг хуваарилах асуудлыг судалж шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.


Байнгын хорооны хуралдаан 56.6 хувийн ирцтэй эхэлсэн бөгөөд УУХҮ-ийн сайдыг төлөөлж УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал мэдээлэл сонсгов. Тэрбээр, “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь төрийн өмч давамгайлсан хаалттай хувьцаат компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. 2010 онд байгуулагдсан цагаасаа үйл ажиллагааны цар хүрээ нь нэмэгдсээр 2018 оны санхүүгийн тайлангаар борлуулалтын орлогын хэмжээ 1 их наяд 986 тэрбум төгрөгт хүрч, улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр нийт 478.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, татварын дараах цэвэр ашиг 807.8 тэрбум төгрөгт хүрчээ.


Үргэлжлүүлэн ногдол ашиг хуваарилах харилцааны эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэлдээ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гаргасан нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилах боломжтой гэсэн тооцоо гарсан учир ТУЗ-ийн ноднингийн хоёрдугаар сарын 18-ны хурлаар, компанийн 2018 оны ажлын санхүүгийн үр дүнг хэлэлцээд нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.


Гэвч уг тогтоол гарсны дараа Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны 16 дугаар тэмдэглэлээр, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2018 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах талаар гаргасан ТУЗ-ийн энэ оны 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох талаар судалж, холбогдох арга хэмжээ авах чиглэлийг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч УУХҮЯ болон ТУЗ-д өгсөн.


“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны хурлаар ногдол ашиг хуваарилах асуудлыг дахин хэлэлцээд, өмнө гаргасан тогтоолыг хүчингүй болгох тухай 20 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд дөрөвдүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд энэ тухай үндэслэлээ тайлагнасан” хэмээв.


Дээрх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Гарамжав, Д.Дамба-Очир, М.Билэгт, Л.Энхболд нар асуулт асууж, хариулт авав. Гишүүд тус компанийн ажил, санхүүгийн үр дүнгийн тухай болон иргэдэд ногдол ашиг хуваарилахтай холбогдуулан хийж байгаа ажил, ногдол ашгийн хэмжээг хэрхэн тооцоолдог талаар тодруулав.



“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, "Компани ашигтай ажилласан бол заавал ногдол ашиг хуваарилах үүрэгтэй гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Компанийн хуулийн үндсэн зарчим бол ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг тухайн хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллага шийдвэрлэнэ. Ногдол ашиг хуваарилах тохиолдолд бүх хувьцаа эзэмшигчдэд эрх тэгш, ялгаваргүй хандаж нэг төрлийн хувьцаанд адил хэмжээний ногдол ашгийг хурдан, шуурхай хуваарилах, эс хуваарилах тохиолдолд яагаад ногдол ашиг хуваарилахгүй шалтгаанаа хувьцаа эзэмшигчдийн хуралдаа танилцуулдаг" гэсэн агуулгаар хариулав. 

Холбоотой мэдээ