Монгол зураач Венецийн үзэсгэлэнд гурав дахь удаагаа оролцлоо

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-12-11 09:10:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Сонирхолтой цаг үед амьдрах болтугай” нэртэй Венецийн дүрслэх урлагийн 58 дугаар олон улсын биеннальд Монгол Улс гурав дахь удаагаа “Агшин зуур” нэртэй үзэсгэлэнгээр оролцлоо. Уг биенналь нь долоон сарын турш үргэлжилсэн бөгөөд уг биенналийг 80 мянга орчим хүн үзэж, олон улсын 30 гаруй сэтгүүл хамгийн шилдэг үзэсгэлэнгийн тоонд жагсаажээ.

Олон улсад нэр хүндээр тэргүүлдэг энэхүү наадамд энэ жил 89 орны уран бүтээлч оролцсон байна. Энэхүү наадмыг Их Британийн эзэн хааны шагналт, Лондонгийн Хейуорд галерейн захирал, Америк гаралтай Куратор Ралф Ругофын удирдлага дор зохион байгуулжээ.

Тус үзэсгэлэнд Монгол Улсын зураач Э.Жанцанхорол эх орноо төлөөлөн оролцсон юм. Тэрээр дүрслэх урлагийн чиглэлээр Нью-Йорк хотын Хантэр коллежид суралцаж бакалаврын зэрэг, Лос Анжелос хотын Калифорнийн Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна. Түүнтэй хамт хөөмийч Н.Ашит, Д.Дамдин, А.Ундармаа, Д.Даваасүрэн нар Венецийн биеннальд  оролцжээ.
“Агшин Зуур” үзэсгэлэн нь тодорхой орон зай, мөчлөг дэх түр зуурын мэдрэмж, түүнээс үүдэн гарах үйлдэл, хувьсал өөрчлөлтийн талаар өгүүлэхийг зорьжээ. Үзэсгэлэнгийн танхимд ер бусын нийлэг материалаар бүтээсэн хар өнгийн абстракт баримлууд байршсан ба тэдгээр нь Венецийн хуучны барилгын тоосгон хана, модон тааз, чулуун шалнаас урган гарч ирэх харь гарагийн биетүүд шиг хэрнээ ер бусын байгаллаг шинжийг агуулснаараа онцлог байжээ.



Холбоотой мэдээ