Малгожата Гошевска: Польш, Монголын ардчилалд адил олон зүйл бий

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2019-12-10 14:33:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 1980-аад оны сүүлээр социалист системийн улсуудад өрнөсөн коммунизмын эсрэг нийгмийн өөрчлөлт Польш болон Монгол зэрэг олон улс оронд ардчилсан хувьсгалыг авчирсан гэж Польш улсын Сейм (парламент)-ийн дэд маршал, хатагтай Малгожата Гошевска онцоллоо.

Тэрээр манай улсад айлчилж байгаа бөгөөд өнөөдөр тохиож буй Монгол Улсад Ардчилсан хувьсгал үүссэний 30 жилийн ойд зориулж “Польш дахь ардчиллын өөрчлөлтүүд 1989-2019” илтгэлийг өнөөдөр МУИС-ийн номын санд тавьж манай улсын иргэний нийгмийн ТББ, улстөрийн намуудын төлөөлөлтэй уулзсан юм.


Уулзалтыг улстөрч Э.Бат-Үүл нээж хэлэхдээ, “Өнөөдөр 30 жилийн ойгоо тэмдэглэж буй Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалыг бид Польшийн “Эв санааны нэгдэл” буюу “Солидарность”-той хамтарч хийсэн гэж болно. Хэдийгээр Монголын ардчилалд хойд хөрш Орост М.Горбачёвын эхлүүлсэн өөрчлөн байгуулалт нөлөөлсөн гэдэг боловч үнэн хэрэг дээр ардчилсан хувьсгалын гал голомт Польшийн “Солидарность”-оос эхэлсэн юм. Энэ нь нийт социалист орнуудыг хамарсан ардчилсан үйл явцыг эхлүүлсэн юм.

Энд сууж буй манай Баабар Польшид оюутан байхдаа “Солидарность”-ийн тэмцлээр зоригжин “Бүү март”-аа бичиж биднийг, бидний монголчуудыг, Монгол орныг сэрээж байсан юм” хэмээн онцолсон юм.


Э.Бат-Үүл: Монголын ардчилсан хувьсгал Польшийн “Солидарност”-оос эхэлсэн юм



Үүнийг баталж, хатагтай Малгожата Гошевска илтгэлдээ, Монгол Улсад ардчилсан хувьсгал өрнөж байсан тухайн цаг үед Монголын ардчилагчид ухуулах хуудас, сонин хэвлэх машинаа Польш улсаас авчирч, Польшийн ардчилсан хувьсгалын төлөөлөл Монголд анхлан ирж, Монгол Улсын анхны ардчилсан сонгуульд Польш улсын ажиглагчид оролцож байсан, манай улсын ардчиллын түүхийн нэгэн шинэ баримтыг дэлгэж байлаа. Тодруулбал, "1990 онд Монголын ардчилсан хүчнийхэн Польшийг зорьж, эв санааны нэгдлийнхэнтэй холбоо тогтоож байв. Ингэснээр Монголын ардчилсан хүчнийхэнд туслах зорилгоор зурагт хуудас, ухуулах хуудсын багаж хэрэгсэл зэрэг 700 кг ачааг Польшийн зүтгэлтнүүд Монгол Улсад хүргэн ирж байсан"-ыг дурдсан юм.


Тэрээр илтгэлдээ, Төв Азид Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгал, зүүн Европт Польш улсын эхлүүлсэн “Солидарность”-ийн тэмцэл ардчилсан хувьсгал, нийгмийн өөрчлөлтийн салхийг олон оронд тавьж коммунист дэглэмийг нураахад томоохон үүрэг гүйцэтгэснээрээ хоёр орны ардчилалд адил олон зүйл бий гэдгийг тэмдэглэж байлаа.

Тэрээр илтгэлийнхээ эхэнд Польшийн лам Бенедикт Палак болон аялагч А.Ф.Оссендовский нар аль 13 дугаар зууны үед Монгол оронд ирж Монгол орны тухай анх бичиж түүхэнд үлдээж байсан хоёр орны эртний харилцааны түүхийг дурдсан юм. “Варшав хот дахь Хувьсгалын түүхэн музейг үзэж буй Польшийн хүүхэд багачуул бүр тэнд хадгалагдаж буй аварга динозавруудын араг ясыг хагас зууны тэртээ гардуулж байсан монголчуудын бэлэг, Монголын говиос олдсон гэдгийг бүгд мэднэ” гэж байв.


Тэрээр, “Ази тивийн ардчиллын анхдагч орон Монгол Улс болон Европт оршдог Польш улсын хувьд хүний эрх, эрх чөлөө, эрх тэгш байдал ба өөрийгөө удирдах ёс зэрэг нийгмийн үндсэн ойлголтууд нь зөвхөн манай өв уламжлал бус, орчин үеийн ардчилсан нийгмийн бодлогын суурь юм” гэдгийг онцолсон.

Хатагтай Малгожата Гошевска, ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйг тэмдэглээд, Монгол Улсад Польш улсын ЭСЯ удахгүй үүдээ нээнэ гэдгийг мэдээлсэн юм.


“Социализмын үед улстөрийн эрхшээл дор, хамааралтай цаг үед тогтоосон хоёр орны харилцаа тухайн үедээ эрх чөлөөний бодлогыг хэрэгжүүлэх боломжгүй байсан тул соёлын, тусламжийн шинжтэй явж ирсэн бол одоо эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн харилцаа улам өргөжнө гэдэгт найдаж байна. Ийм сайхан боломж бидэнд байна” гэдгээ Польш улсын парламентын дэд дарга, хатагтай Малгожата Гошевска илэрхийлсэн юм.  Тэрээр, "Польш улс нь Монгол Улсад Европын үүдийг нээж, Монгол Улс нь Польшийн хувьд Азид хүрэх нь зам нь байх учиртай" гэсэн юм.

Өнөөдрийн уулзалт, илтгэлийг “Боловсрол төвтэй улс төр” ТББ зохион байгууллаа. Уулзалтад Польш улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойко, нийтлэлч Б.Баабар, Ерөнхий сайд асан, улстөрч М.Энхсайхан, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл, улстөрийн зарим намын удирдлага, иргэд оролцлоо.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ