АН ҮЗХ-ны хуралдаанаараа мөрийн хөтөлбөрөө хэлэлцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-18 23:25:05

Адчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны /ҮЗХ/ хурал өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд болж, сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцлээ. 

2016 оны УИХ, аймаг нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуульд оролцох намууд энэ сарын 20-ны дотор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүлээлгэн өгөх хуулийн хугацаатай. Тиймээс намууд мөрийн хөтөлбөрөө батлах хурлаа ээлж дараалан хийж байна. Өнөөдөр АН-ын ҮЗХ-ны хурал 18.00 цагаас товлогдсон ч 19.30 минутын үед эхэлсэн юм. Учир нь ҮЗХ-ны 228 гишүүнээс хурал эхлэхүйц ирц хүрэлцэхгүй байснаас ийн хойшилсон юм.

Тус хурлаар АН "Монгол хүн 2020" хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг дүгнэж, тус хөтөлбөртөө тулгуурлан дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцсэн байна. Энэ удаад “Монгол хүн-2020” хөтөлбөртөө нэмэлт, тодотгол хийж, баяжуулж, гишүүдийнхээ саналыг тусган мөрийн хөтөлбөрөө боловсруулах зорилт тавьжээ.

Харин ҮЗХ-ны хуралдаанаар намын эв нэгдэл болон дотоод бүтэц зохион байгуулалт зэрэг асуудлаа хэлэлцээгүй гэх мэдээлэл байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ