Тусгай хэрэгцээний талбай, хилийн заагт өөрчлөлт оруулахыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-12-06 13:12:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдааны эхэнд “Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал”-ын талаар хэлэлцлээ.

Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулсан юм.

Үүний өмнө Засгийн газрын тогтоолоор “Монгол наадам цогцолбор”-ын хэрэгцээнд зориулан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн газраас 551, Төв аймгийн Аргалант сумын 12.031 ам метр талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан юм.


Гэвч айл өрхүүд тухайн газар суурьшиж, газар олголтын давхцал үүссэн байна. Үүний улмаас “Монгол наадам цогцолбор”-ыг төлөвлөхөд хүндрэлтэй болоод байгааг танилцууллаа. Тиймээс Төв аймгийн Аргалант сум болон нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс тусгай хэрэгцээнд авах талбайн хэмжээг өөрчлөх шаардлага гарчээ.

Өнөөдрийн НИТХ-ын хуралдаанд Сонгинохайрхан дүүргийн 551 га газрыг оруулснаас дөрвөн га талбайг хасаж, 18.8 га-г нэмж нийтдээ 565.8 га талбай болгон өөрчлөх санал боловсруулжээ. Тэргүүлэгчид энэ талаар хэлэлцэн дэмжиж, НИТХ-ын ээлжит ХХХ хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Гэрэл зургуудыг Т.Чимгээ

Холбоотой мэдээ