Боливийн түр Ерөнхийлөгч сонгуульд өрсөлдөхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-12-06 13:15:17

МЕХИКО. /RIA Novosti/. Боливийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жанин Аньес ирэх гуравдугаар сард явуулахаар товлосон ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэж тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Йерко Нуньес сэтгүүлчдэд мэдэгдэв.


“Жанин Аньес нэр дэвшихгүй, одоогийн Засгийн газар зөвхөн энэ сонгууль хүртэл ажиллана” гэж тэрбээр мэдэгдсэнийг Deber сонин уламжилжээ.


Аравдугаар сард болсон сонгуульд социалист Эво Моралесын гол өрсөлдөгч байсан Карлос Месагаас гадна барууны үзэл баримтлагч бас нэг улс төрч Луис Камачо сонгуульд оролцох хүсэлтэй байгаагаа өмнө нь мэдэгджээ. Барууны үзэлтнүүдийн дунд нэгдмэл байдал дутагдаж, хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлбэл ирэх сонгуульд социалистуудтай хийх өрсөлдөөнийг улам хүндрүүлж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.


Боливийн Ерөнхийлөгч Эво Моралесын нам мөн сонгуульд оролцохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн боловч нэр дэвшигчээ албан ёсоор тодруулаагүй байгаа аж.

Холбоотой мэдээ