Викрам Батра: Энэтхэгт намын мөнгөн хандив, зарцуулалтыг банкны сувгаар хянадаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-05 17:50:38
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улс төрийн санхүүжилтийн хяналтын тогтолцоо: Олон улсын туршлага” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Энэ үеэр улс төрийн санхүүжилтийн хяналтыг банкны системээр дамжуулан хийх тогтолцоонд шилжээд буй БНЭУ -ын Сонгуулийн комиссын дарга Викрам Батрагаас дараах тодруулгыг авсан юм. 


-Энэтхэг улс хэчнээн улс төрийн намтай вэ?


-Манай улсад бүртгэлтэй 2000 гаруй улс төрийн нам байдгаас 38 нам идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Үүний 8 нь үндэсний хэмжээний буюу том нам байна.    


-Эдгээр намын санхүүжилт, мөнгөн зарцуулалтыг хэрхэн хянадаг вэ?


-Тухайн намын мөнгөн хандив, зарцуулалтыг банкны сувгаар дамжуулан хянаж байна. Намуудын бүх санхүүжилт, зарцуулалт банкаар дамжих ёстой. Бэлэн мөнгөөр маш бага хэмжээний төлбөр тооцоо хийж болно. Жишээлбэл, хэвлэх зардалд 10 000 рупигээс их хэмжээний мөнгө бэлнээр зарцуулах боломжгүй гэх зохицуулалтыг хийснээр тухайн намын зарцуулалтыг хянах боломжтой болсон.


-Зөвхөн танай байгууллага үүнд хяналт тавьдаг уу. Улс төрийн санхүүжилтийг хянадаг өөр байгууллага бий юу?


-Энэтхэгийн Санхүүгийн мөрдөн байцаах нэгж банкнаас мэдээлэл авч намуудын санхүүжилт, зарцуулалтыг хянаж, дүгнээд татварын байгууллагад мэдээлдэг. Манай байгууллага эдгээр байгууллагын дунд зохицуулалт хийдэг. Ялангуяа сонгуулийн үеэр эдгээр байгууллагын үйл ажиллагааг холбож мөнгөний урсгалд хяналт тавьж, хууль бус үйлдэлд зарим арга хэмжээ авдаг.


-Тэдгээр мэдээллийг нийтэд ил тод болгодог уу?


-Улс төрийн намууд манай байгууллагад санхүүжилт болон зарцуулалтынхаа жилийн тайлан болон хандив, яагаад хандив өргөсөн тухай хандивлагчийн итгэлийг захидлыг илгээдэг. Үндэсний ассамблейн сонгуулиас хойш 75 хоног, Ардын танхимийн сонгуулиас хойш 90 хоногийн дотор дээрх мэдээллийг ирүүлэх ёстой. Эдгээр мэдээллийг манай байгууллага цахим хуудсандаа олон нийтэд нээлттэйгээр байршуулдаг. Ингэснээр тухайн намыг хэн санхүүжүүлсэн, яагаад санхүүжүүлсэн, тухайн мөнгийг хэрхэн зарцуулсан зэрэг олон нийт сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой. Түүнчлэн эдгээр мэдээллийг татварын байгууллагад мэдээлдэг. Учир нь олон улсын жишгээр намууд татвараас чөлөөлөгдсөн байдаг.


-Энэтхэгийн намууд сонгуульд хэдий хэмжээний мөнгө зарцуулдаг вэ, ихэвчлэн юунд хамгийн их мөнгө зарцуулдаг вэ?


-Манай улсад инфляц нэмэгдэж байгаатай холбоотой сонгуулийн зардал ч өсөж байна. Зарцуулалтын хувьд, сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээгээр дамжуулан сонгогчидтойгоо ойр байх, судалгаа, шинжилгээ хийх, нисдэг тэрэг хөлслөх зэрэгт их хэмжээний мөнгө зарцуулж байна. 

Холбоотой мэдээ