Ү.Очирдулам: Шинэ технологи, инновацид суурилсан усны менежментийн талаар судалсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-12-07 16:58:30

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Орхон-Чулуут голын сав газрын захиргааны мэргэжилтэн Ү.Очирдулам ӨМӨЗО-ы Хөх хотод нэг сарын хугацаанд сургалтад суугаад ирсэн. Түүнтэй сургалтынх нь талаар ярилцлаа.


-ӨМӨЗО-ы Хөх хотод нэг сарын хугацаанд сургалтад хамрагдаад ирлээ. Сургалтын тухай мэдээллийг дэлгэрэнгүй өгөх үү? Ямар чиглэлээр сургалтад суув?

-БОАЖЯ-ны хүсэлтийн дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотноо 10 дугаар сарын 17-ноос 11 дүгээр сарын 15-ны өдөр БНХАУ-ын Худалдааны яамны Өвөр Монголын хөдөө аж ахуйн их сургуулиас зохион байгуулсан “Хот суурин газарт усан сан байгуулах, газрын гадаргын усыг хуримтлуулах” сэдэвт сургалтад нэг сарын турш хамрагдаад ирлээ.

-Ямар ажил мэргэжилтэй, хэдэн хүн хамрагдсан бэ?

-БОАЖЯ-ны Сав газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Д.Чулуунхүүгээр ахлуулсан сав газрын захиргаадын 21 мэргэжилтэн, 5 аймгийн БОАЖГ-ын усны мэргэжилтэн, ШУТИС-ийн нэг багштай нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй нэг анги болж суралцсан.

-Энэ сургалтад суусны давуу талууд?

-БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын Хөдөө аж ахуйн их сургуульд зохион байгуулсан сургалтад усны нөөц, чанарын үнэлгээ, хөрс, усны ерөнхий болон нарийвчилсан шинжилгээ хийх, мөн хот суурин, хөдөө аж ахуйн газар тариалангийн хэрэгцээнд усыг хурааж хуримтлуулах технологиийг хэрхэн ашигладаг, ундны цэвэр усны нөөцтэй болох мөн усны барилга байгууламж, усан цахилгаан станц, унд, ахуйн үйлдвэрлэлийн усан хангамж, ариутгах татуургын талаар тухайн газар нутагт зохицсон шинэ технологи инновацид суурилсан усны менежментийг хэрэгжүүлэх талаар онол практик хосолсон сургалт байлаа. Жишээлбэл, БНХАУ-ын дэлхийд тавд ордог Чинхуа групп нь Хөх хотын хүн амын унд ахуй, үйлдвэрүүдийг усаар хангадаг найман гүний худгаас 10 км урт шугам хоолойгоор татаж, 6000 м3 эзэлхүүнтэй гурван усан санд хүргэдэг юм байна. Усыг хэрэглээнд түгээхээс өмнө 160 үзүүлэлтээр шинжилгээ хийж, усны чанарын 27 стандартад нийцүүлэн хэрэглэгчдэд түгээдэг зэрэг нь шинэлэг байсан. Бас их сонирхолтой.

-Сургалттай холбоотойгоор олон газар үзэв үү?  

-Тийм ээ. Бид тэнхимийн сургалтаас гадна онол практик хосолсон байсан болохоор олон үйлдвэр, усан станц, усны тохируулах барилга, цэвэршүүлэх үйлдвэрээс гадна Өвөр Монголын Хөдөө, аж ахуйн их сургуулийн төв лаборатори, ӨМӨЗО-ы нийслэл Хөх хот Хатан гол буюу Шар мөрний эргийн ус авах байгууламж, Бугат хотын Чинхуа усны үйлдвэр, Баяннуур хот Хатан голын ус ашиглалтын соёлын музей, Сашингүн усан боомт, Үхай хотын Хай Бо Ван усан боомт

/цахилгаан станц/ гээд усны инновацид суурилсан усны менежментийг хэрэгжүүлж байгаа газруудаар явж туршлага судалсан. Мөн Шанхай хотын Нан ши усны үйлдвэр гээд маш олон газрыг үзэж харлаа. Мөн БНХАУ-ын усны тухай хуулийн хэрэгжилт, техник технологийн гайхамшгийг мэдрүүлсэн үзүүштэй үр дүнтэй сургалт болсон.



-Энэ сургалтаас аймагтаа ирээд хөрсөн дээрээ буулгачихмаар шинэ санал санаачилгууд юу байв?

-БНХАУ бол хойд хэсгээрээ уулархаг сэрүүн, урд хэсгээрээ нам дор газар учир газар тариалангийн бүс нутаг дийлэнх нутаг дэвсгэрийг эзэлдэг юм билээ. Өндөр уулын бүсэд бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх, газар тариалангийн төлөвлөгөөт ургацыг сайжруулах зорилгоор цас, борооны усыг шаталсан /лиман/ аргаар боловсруулан усыг хуримтлуулж, гадаргын усыг ашиглах тенхологийг хэрэгжүүлдэг юм байна. Тухайлбал, хот суурин газарт зам талбайн борооны усыг хуримтлуулах шинэ технологийг хэрэгжүүлж, ногоон байгууламж болон ахуйн усны хэрэгцээнд ашиглана. Бас газрын доорх усыг нөхөн сэргээх, цэвэршүүлэх, усыг хуримтлуулах шинэ технологийг хэрэгжүүлж байна билээ. Бүр зарим газар нь өрхийн хэмжээнд борооны усыг нөөцлөх усан зоорь байгуулж, газар тариалан, ногоон байгууламж, ахуйн зориулалтад ашигладаг юм байна.

Манай орны ус ашиглалтын ихэнх хувийг эзэлж байгаа мал аж ахуйн салбарт энэ арга технологийг нэвтрүүлж, газрын доорх усны ашиглалтаас татгалзах бодлого хэрэгжүүлбэл их аятайхан санагдсан. Үүнийг өөрийн орон нутгийн онцлогт тохируулна шүү дээ. Ер нь усыг инновацид тулгуурлан хэрхэн ашиглаж болдгийг харлаа. Бас өрхийн хэмжээнд борооны

/дээврийн/ усыг хуримтлуулаад тодорхой багтаамжтай саванд хадгалж, түүнийгээ жижиг цэвэрлэх төхөөрөмжөөр цэвэрлээд өрхийн бүх төрлийн усны хэрэгцээгээ хангаж байгаа нь их таалагдсан. Гэхдээ энэ нь тодорхой нэг усны хомсдолтой бүс нутагтаа хэрэгжүүлдэг юм байна лээ.

-Бээжин хотын аялал жуулчлалын бүс хэсгээр очсон уу. Хамгийн сонирхолтой зүйлээс нь дурдвал?

-Мянга сонсохоор нэг үз гэж. Дэлхийн долоон гайхамшгийн нэг, алдарт Цагаан хэрмийг үзлээ. Би цагаан хэрэм дээр гарсан хойноо Их Эзэн Чингис хааны байлдан дагууллын агуу үеийн тухай бодол өөрийн эрхгүй төрсөн. Үнэхээр сайхан. Мөн Хориотой хот,  Шанхай хотын аялал жуулчлалын бүсүүдээр усан онгоцоор аялж, хамгийн өндөр барилга дээрээс шөнийн Шанхайн өнгө үзэмжийг үзлээ. Ингэж зогсохдоо Монгол орныхоо ирээдүйг Шанхай хотоор төсөөлж манай орон удахгүй ийм болох байх гэсэн бяцхан мөрөөдөл тээсэн шүү. Хөгжилтэй орны аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын нэгээхэн хэсгүүдийг нүдээр үзээд, чихээр сонсох сайхан байсан.

-Бид Бээжин хотын юунаас суралцмаар санагдав. Залуу хүний нүдээр харахад?

-Бээжин хот бол БНХАУ-ын нийслэл гэдэг утгаараа хүмүүсийнх нь хувьд  аливаа юмыг зохион байгуулах, хүнийг хүндэтгэх, хариуцлагатай байх, хүмүүсийн хандлага, ажилдаа эзэн байх, тэр ур чадварыг төгс эзэмшсэн байдал харагдаж байсан. Ер нь бол аливаа улсын хөгжил цэцэглэлт иргэн хүний хөгжил, ухамсраас шалтгаалах зүйл гэдгийг харж явлаа.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ