Баян-Өлгий аймаг барилгын салбарт баримтлах бодлоготой болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-03 20:31:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Х хуралдаанаар "Аймгийн барилгын салбарын талаар баримтлах бодлого"-ыг хэлэлцэн батлав.

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан хот байгуулалтын бодлого, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэдэд аюулгүй орчинд амьдрах боломж бүрдүүлэх, барилга байгууламжийн чанарыг сайжруулах, барилгын инженер, техникийн ажилтнуудыг чадавхжуулах зорилгоор дээрх баримт бичгийг боловсруулжээ.

Аймгийн барилгын салбарын талаар баримтлах бодлогод инженерийн шугам сүлжээний хангагч байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, орон нутагт техник, технологийн хөгжил, инновацид суурилсан бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгох, бүх сумыг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй болгох, стандартад нийцсэн зураг төсөл боловсруулах орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортын чиг баримжаатай барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, инженерийн дэд бүтцийн хангамжийг сайжруулах зэрэг асуудлууд тусгагдсан байна.

Тус бодлого нь 2019-2029 он хүртэл гурван үе шаттай хэрэгжинэ. Харин бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж, бусад эх үүсвэрээр бүрдүүлэхээр баталлаа.

 

Холбоотой мэдээ