Хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэлийг эрчимжүүлэх үүрэг өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-11-28 15:07:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 2020 оны нэгдүгээр сарын 9-15-нд орон даяар нэгэн зэрэг хийж явуулна.

Тооллогын Улсын комисс өнөөдөр хуралдаж Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын талаар хэлэлцлээ. Тооллогын бэлтгэл ажил болон хэлэлцүүлж буй материалтай холбоотой танилцуулгыг Улсын комиссын орлогч, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа хийсэн юм.

Улсын комиссын дөрөвдүгээр хуралдаанаар Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын бэлтгэлийг эрчимжүүлж, тооллогын сурталчилгааны ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэл, дүүргийн Тооллогын комиссын дарга, Засаг дарга нарт үүрэг болгов.


Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох юм.

Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг 2020 оны нэгдүгээр сарын 2 дахь долоо хоног буюу 9-нөөс 16-ны өдрүүдэд мэдээлэл цуглуулах ажлыг явуулах юм. Тооллогын үндсэн үр дүнг 2020 оны 6 дугаар сарын эхээр танилцуулах юм. 

Холбоотой мэдээ