Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-22 17:31:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Жендерийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сан хамтран орон даяар зохион байгуулж буй  “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” Баян-Өлгий аймагт нээлтээ хийлээ.

Монгол Улсад тус аяныг 1998 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил үндэсний хэмжээнд 22 дахь удаагаа эхэлж байгааг мэдэгдэж аймгийн Жендерийн эрх тэгш байдлын салбар хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв.

“Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг энэ жил “Ойлгоё хүндэлье-Гэр бүлийнхээ төлөө” уриан дор тэмдэглэх бөгөөд 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд үргэлжилнэ.

Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд бүх нийтийн оролцоог хангах зорилготой аяны хүрээнд 12 дугаар сарын 2-ны өдөр болох “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д албан байгууллагуудыг нэгтгэх, ард иргэд, ажилтан албан хаагчдад хүчирхийллийн талаарх мэдээлэл хүргэх, олон нийтийн сүлжээгээр жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг давлагаа үүсгэх зэрэг мэдээлэл сурталчилгааны ажлуудыг хийх ажээ.

Холбоотой мэдээ