УБТЗ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийг 128 тэрбум төгрөгөөр нэмнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөх тухай асуудлыг зөвшилцөв.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь Монгол Улсын ачаа эргэлтийн 69.4 хувь, зорчигч эргэлтийн 21.7 хувийг дангаар гүйцэтгэж, 15.8 мянган хүнийг ажлын байраар хангадаг. Сүхбаатараас Замын-Үүд чиглэлийн Улаанбаатар төмөр замын суурь бүтэц 25 сая тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай гэж тооцсон ч 2018 оны гүйцэтгэлээр 25.8 сая тн ачаа тээвэрлэсэн байна. Мөн төмөр замын үндсэн бааз суурь болсон зүтгүүр, ачааны болон зорчигчийн вагон зэрэг хөдлөх бүрэлдэхүүн, замын техникийн өнөөгийн байдал элэгдэл ихтэйгээс гадна ашиглах хугацаа нь дуусаж байгаа аж. Тодруулбал, Улаанбаатар төмөр замын нийт 127 зүтгүүрийн 47.2 хувь, нийт 3326 ачааны вагоны 51.7 хувийнх нь ашиглах хугацаа хэтэрсэн байна. Тиймээс Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулсан “МОН-П1”, “МОН-П2” хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл буюу 128.8 тэрбум төгрөгөөр “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэхээр төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг асуудлыг зөвшилцөхийг дэмжиж гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгов. Ингээд энэ талаарх санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.