Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийг 10 аймагт хэрэгжүүлэв

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-11-21 17:46:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийг ивээх сан “Монгол Улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн үр дүнгийн уулзалтыг “Блью Скай” зочид буудалд 3 өдөр зохион байгуулж, өнөөдөр өндөрлөлөө.  

Дээрх төслийн 2-р үе шатанд 10 аймаг, нийслэл хотод ТББ-ууд, орон нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаагаар эрүүл мэнд, боловсролын чиглэлээр 14 дэд төслийг хэрэгжүүлээд буйг дүнгийн хурлын үеэр танилцуулсан юм.

Төслийн явцад оролцогчид нийгмийн эгэх хариуцлагын үндсэн ойлголт, аргачлалд суралцан, нийгмийн төлөөллүүд сайн дураар нэгдэн, өөрийн орон нутаг дахь эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд хамгийн тулгамдаж байгаа зүйлийг тодорхойлж, түүнийгээ шийдвэрлэхээр хамтран ажиллаж, төр иргэнээ сонсон ажиллах үйл явцад эергээр нөлөөлсөн үр дүнгүүд бий болжээ.

“Монгол Улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төсөл Дэлхийн банк, Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа бөгөөд төслийн 2-р үе шатыг Хүүхдийг Ивээх сан удирдсан юм.

Төслийн үр дүнгийн танилцуулах уулзалтад орон нутгийн төлөөлөл, үр шим хүртэгч, төслийн удирдагч, дэмжигч байгууллагуудын төлөөлөл оролцлоо. 


Төслийн талаар тодорхой танилцуулбал, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр:

  • “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээнд-Иргэдийн оролцоог сайжруулах нь” төслийг Хөвсгөл аймагт,
  • “Улсын эмнэлэгт худалдан авч буй эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, хүртээмжийг олон нийтийн оролцоотойгоор сайжруулах нь” төслийг Увс аймагт,
  • “Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээг сайжруулах нь” төслийг Ховд аймагт, 
  • Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжсэн “Залуу нас гэрэлт ирээдүй” төслийг Өвөрхангай аймагт,
  • “Эрүүл мэндийн даатгалын ашиглалт, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж” төслийг Дорнод аймагт,
  • “Өсвөр үеийнхний шүдний өвчлөлийг бууруулахад олон нийтийн оролцоо” төслийг Сүхбаатар аймагт,
  • “Эрүүл зүрх, эрүүл хөдөлгөөн, эрүүл ёс зүй“ төслийг Говьсүмбэр аймагт,
  • “Өрхийн эрүүл мэндийн төвийн 3 талт гэрээлэх ажиллагаанд олон нийтийн оролцоотой хяналтын механизмыг бүрдүүлэх замаар Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийг Хэнтий аймагт тус тус хэрэгжүүлээд байна. 

Хүүхдийн сурч боловсрох эрхийг дэмжих чиглэлээр:

  • “ЕБС-ийн үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийн оролцоог хангах нь” төслийг Сэлэнгэ аймагт,
  • “Олон нийтийн оролцоот сургууль” дэд төслийг Говь-Алтай аймагт тус тус хэрэгжүүллээ.

 

Холбоотой мэдээ