Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага үүсгэн байгуулах хэлэлцээрийг соёрхон батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-21 16:50:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа.


Монгол Улс Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт 2017 оны наймдугаар сарын 21-нд гарын үсэг зуржээ. Дээрх хуулийн төслийг баталснаар Монгол Улс тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болж, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт хамрагдах, мэргэжилтэй боловсон хүчнээ олон улсын жишигт нийцүүлэн бэлтгэх таатай боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзэж байна. Тодруулбал, ойн түймрийн чиглэлээр тус байгууллагын бүсийн боловсрол, сургалтын төвд жил бүр 5-6 хүн, Солонгосын их, дээд сургуулиудын магистр, докторын хөтөлбөрт жилд нэг хүнийг хамруулах боломжтой болох аж. Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын жилийн зардлын 80 хувийг БНСУ бүрдүүлэх бол бусад орон тус бүр 1 хувь буюу 30 мянган ам.долларын татвар төлдөг байна. 


Хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн 72.7 хувь дэмжсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулав. Хуулийн төслийг соёрхон батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 


Ташрамд дурдахад, тус байгууллага 2012 оноос хойш гишүүн орнууддаа 300 мянгаас 2.5 сая ам.долларын төсөвтэй 30 гаруй төсөл хэрэгжүүлжээ.

Холбоотой мэдээ