Аравтын системийг анх удаа аймагтаа хэрэгжүүлэв

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-11-20 22:45:57

Хэнтий /МОНЦАМЭ/ Төр иргэдийн уялдаа холбоог сайжруулах, мэдээ, мэдээллийг түргэн шуурхай үнэн бодитоор хүргэх, солилцох, иргэдийг аливаа үйл ажиллагаанд оролцох идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, орон нутагт тулгамддаг асуудлуудыг хамтдаа шийдвэрлэх зорилгоор тус аймгийн ЗДТГ, "Тогтвортой амьжиргаа-3" төсөлтэй хамтран “Иргэдийн оролцоотой шинэ Хэнтий” төслийг анх удаа санаачлан хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд өнгөрсөн оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингис хотод 18 сум 89 багийн Засаг дарга нарын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж, ЗГХЭГ, Дэлхийн банк, "Тогтвортой амьжиргаа -3" төслийн төлөөллүүдийг урьж төслийн танилцуулгыг хийсэн юм.
Баян-Овоо сум орон нутгийн хөгжлийн сангийн иргэдээс санал авах төлөвлөлтийн үе шатанд “Аравт” дэд төслийг санаачлан туршсанаар иргэдийнхээ ирц, оролцоог дөрөв дахин нэмэгдүүлсэн тул уг төслийг бүх суманд хэрэгжүүлэхээр аймгийн удирдлагууд шийдвэр гаргасан билээ.

“Аравт” төслийн гол санаа нь ойролцоо нутагладаг 10 өрхийг нэг аравтын бүлэг болгон зохион байгуулж, энэ бүлгээрээ дамжуулан бүх төрлийн үйл ажиллагаанд иргэдээ татан оролцуулдаг. Мөн баг тус бүрт “хөгжлийн чиглүүлэгч” томилж, тэдгээр чиглүүлэгчид багийнхаа нийт аравтуудад очиж орон нутгийн хөгжлийн сангийн мэдээ, мэдээллийг өгч, хэлэлцүүлэг зохион байгуулдаг байх юм. Гэхдээ төв хөдөөгийн багуудад газар нутгийн байршил, хүн амын нягтралаасаа хамаарч өөр өөр зохион байгуулалтад орох боломжтой.

“Иргэдийн оролцоотой Шинэ Хэнтий” төслийг сумын Засаг дарга нар ерөнхийд нь удирдаж, сумын Засаг даргын орлогч ажлын хэсгийг ахалж гардан зохион байгуулахаар төлөвлөжээ. Ажлын хэсгийн ахлагч нар багийнхаа тоогоор чиглүүлэгчтэй байна. Чиглүүлэгчдийг төрийн албан хаагчдаас томилох бөгөөд ажлын байрных нь тодорхойлолтод нэмж оруулахаар болсон юм. Чиглүүлэгчид багийнхаа аравтуудад очиж мэдээ мэдээлэл хүргэх, санал санаачилгыг нь хүлээн авч орон нутгийн шийдвэр гаргах түшинд хүргэнэ. Ингэснээр газар нутгийн хол ойроос үл шалтгаалан иргэн бүр өөрийн үзэл бодлоо төр засагтаа хүргэх гарцыг нээж өгч байгаагаараа ач холбогдолтой ажил болж байна гэж үзэв.

Мөн аравтын дарга нарыг урамшуулах аргыг ч боловсруулсан байна. Үүнд мөнгөн урамшуулал олгохоос зайлсхийж эрүүл мэндийн үзлэгт дараалалгүй үйлчлүүлэх, сумдын шууданд хөнгөлөлттэй үнээр зорчих, аль ч төрийн байгууллагуудад нэвтэрч мэдээлэл авах эрх бүхий үнэмлэх олгохоор болжээ.

Мөн аймаг орон нутгаас болон Дэлхийн банк "Тогтвортой амьжиргаа 3" төслийн дэмжлэгээр аравтын ахлагч, хөгжлийн чиглүүлэгч нарыг сургах, чадавхжуулах ажлыг шат дараатай зохион байгуулж, сайн ажилласан сум, баг аравтуудыг шалгаруулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажлыг ч төлөвлөсөн байна.

Ийнхүү Чингис хааны үед хэрэглэж байсан Аравтын систем нь эдүгээ цагт биеллээ олж, их хааны мэндэлсэн нутгаас гараагаа эхлэн амжилттай хэрэгжиж байна.

Ташрамд сонирхуулахад, тухай үеийн Аравтын системийн хамгийн бага нэгж нь 10 цэрэг гаргах чадамж бүхий 20-25 өрх байжээ.

 


Хэнтийд иргэдийн оролцооны түвшин 75 хувьд хүрчээ


 

"Иргэдийн оролцоот Шинэ Хэнтий” төсөл бүтэн жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж, Захиргааны шийдвэр гаргах ажиллагаан дахь иргэдийн оролцооны түвшин 75 хувьд хүрсэн дүн гарчээ. Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба “Тогтвортой амьжиргаа-3 төсөлтэй хамтран Баян-Овоо суманд туршилтын журмаар хэрэгжүүлсэн “Аравт” төслийг аймгийн хэмжээнд “Иргэдийн оролцоот шинэ Хэнтий” төсөл болгон хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байсан цаг саяхан. Тухайн үед Баян-Овоо суманд 29 аравт зургаан хэсэг байгуулан ажиллаж байсан бол нэг жилийн дараа буюу өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд хөдөөгийн 545 аравт, төвийн 246 хэсэг нийт 791 аравт хэсэг, бүлэг, нөхөрлөл зохион байгуулж, төрийн бүхий л шатны үйл ажиллагаа болон ОНХС-ийн үйл ажиллагаанд оролцох иргэдийн идэвх санаачилгыг сайжруулах чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээг хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

 Мөн 18 суманд 120 чиглүүлэгчдийг томилж, иргэдийн санал бодлыг сонсох хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах, олонхоор гарсан саналыг нээлттэй зарчмаар хэлэлцэн нэгдсэн шийдвэрт хүрэх, хөгжлийн үйл явцад чиглүүлэгчийн хүлээх үүрэг, хариуцлагын талаарх мэдлэг ур чадварыг эзэмшүүлжээ.

 

Ингээд уншигчиддаа сумдын сайн туршлагуудаас түүвэрлэн танилцуулъя.

 

Биндэр сумын Баян-Өндөр багийн Баянбүрд бүлэг нь 22 өрхтэй бөгөөд хамтдаа шинээр хоёр гүний худаг гаргаж, дөрвөн худаг шинээр засварлан, гурван өрхдөө өвөлжөө хаваржаа барьсан байна. Мөн бүлээрээ хуримтлалтай болж гишүүдийнхээ санхүүгийн хэрэгцээг хангаж эхэлжээ.


Цэнхэрмандал сумын
Согоот багийн Хамтын хүч аравт нь 25 малчин өрх нэгдэж, Хэрлэн гол дагуу таван га газарт овъёос царгас тариалж эхний ургацаа өрх бүртээ тэнцүү хуваарилж, цөөн малтай айл өрхөө дэмжиж, хүүхэд багачуудаа ажилд суралцуулах, тэднийгээ урамшуулах ажлыг зохион байгуулжээ.

 

Баянхутаг сумын “Эв нэгдэл” аравтын бүлэгт 13 өрх хамаардаг. Тэд нэгдэж, өвөлжөө хаваржааны зураглалаа гаргах, оготно устгал хийх, мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах, малын им тамганы зүсмийн бүртгэл хөтлөх, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдах, Хэрлэн голын сав газрын дагуу цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийг хийх, гал түймрийн үед бүлгээрээ ажиллах хуваарь гаргаснаас гадна бүлгийн дунд гал унтраагуурын үлээгч аппараттай болжээ. Одоогоор аравтын бүлгийн дундын сандаа 750,000 төгрөгийн хуримтлалтай болсноос гадна Орон нутгийн байгууллагуудад болон тэмдэглэлт ойнуудад хандив туслалцаа үзүүлдэг аж. Тус бүлэг 2018 онд ажлаараа сумандаа тэргүүлж, инженерийн хийцтэй гүн өрмийн худаг гаргуулах эрхээр шагнуулсан байна

 

Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн “Гурван толгой” аравт нь 17 өрхийн 56  хүн амтай, 12472 толгой малтай. Аравтаараа нийлж, мал угаалга, вакцинд хамруулах, өвс тэжээл бэлтгэх ажлыг өрнүүлж, малын үүлдэр угсаа чанарыг сайжруулан, өрх бүр хүрз цохиур, гурван үлээгч аппараттай болсон байна. Мөн “Ногоон бэлчээр” төсөлд тус аравтаас дөрвөн өрх  хамрагджээ. ОНХС-гийн хэлэлцүүлгийг  зохион байгуулахад 18-дээш насны 30 иргэн 100 хувь хамрагдсан байна. Насанд хүрсэн 33 иргэнээс НДШ төлдөг 19 иргэн 57 хувь, ЭМД төлдөг 24 иргэн 73 хувь, өндөр настны тэтгэвэрт зургаан иргэн байна. Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан “Гурван толгой” аравт өөрсдийн санаачлагаар гэр бүлийн хамт “Хар Ямаат” ууланд 50ш улиас модыг тарьж усжуулан ажиллаж байна. Аравт хэсгийн харьяа нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар малын гоц халдварт өвчин болон ой хээрийн түймэр гараагүй аж.


Баянмөнх сумын Дулаан багийн Баялаг Ундраа малчны бүлэг нь бэлчээрийн хортон үлийн цагаан огтонотой тэмцэх ажлыг хамтдаа зохион байгуулж, мал сүргээ тарилга угаалгад бүрэн хамруулж, үүлдэр угсааг нь сайжруулах талд идэвх санаачилгатай ажиллажээ. Мөн сүү цагаан идээгээр өөрсдийн хэрэгцээгээ хангахаас гадна нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сумынхаа хүүхдийн цэцэрлэгт сүү цагаан идээний дэмжлэг үзүүлдэг сайн жишээ ч байна.

 

Энэ мэтчилэн хөдөөгийн аравт, бүлгүүд хамтдаа хадлан тэжээлээ бэлтгэж, худаг усаа гаргаж, мал сүргээ эрүүлжүүлэх, үүлдэр угсааг нь сайжруулах, бэлчээрийн талбайгаа нөхөн сэргээх зэрэгт нэгдэж ажилладаг болсноос гадна хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалж өрхийн үйлдвэрлэл эрхэлж, орлогоо нэмэгдүүлж байна. Харин төвийн багийн аравт хэсгүүд сум орон нутгаас зохион байгуулж буй аливаа арга хэмжээнд идэвхтэй оролцож, хэсгүүдийнхээ дунд болзолт уралдаан зарлаж, орчныхоо өнгө үзэмжид анхаарч байгаагаас гадна эрүүл мэндийн даатгал сайн дурын нийгмийн даатгалд иргэдийгээ хамруулжээ.

 

Хэнтий аймгийн Засаг дарга “Иргэдийн оролцоотой шинэ Хэнтий” төслийн тайлант уулзалтын үеэр хэлсэн үгэндээ: Энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ 2019 онд иргэдийн оролцоог 70 хувьд, 2020 онд 100 хувьд хүрсэн байх зорилтыг дэвшүүлж байсан. Харин сумд өөр өөрсдийн онцлогт тулгуурлан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх олон ажлыг зохион байгуулснаар 2018 онд иргэдийн оролцооны түвшин 50,3 хувьтай байсан бол 2019 онд 75 хувьд хүрч бидний хамтдаа хэрэгжүүлсэн төсөл үр дүнгээ өгч, иргэдийн оролцоо 25.3 хувиар өссөн дүн гарлаа. 

Иргэд маань нийгмийн амьдралд шүүмжлэлтэй хандахаасаа илүү оролцоотой болж, өөрийн амьдарч буй орчин нөхцөлөө сайжруулахын төлөө, нэг нь нийтийнхээ төлөө хөдөлмөрлөж, “Би” гэсэн хувь үзлээсээ салж “Бид” гэсэн үзэл хандлагыг төлөвшүүлж байгаад сэтгэл хангалуун байна” гэлээ. 

Тус тайлант уулзалтын үеэр Аравтууд бүтэн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, шилдгүүдээ тодруулж урамшуулсан юм. 


Холбоотой мэдээ