Засаг дарга хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй хоёр асуудал шийдвэрлэхээ амлав

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-11-20 20:39:25

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Дэлхийн Хүүхдийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн, аймгийн Хүүхдийн элч Л.Ганболд орон нутагт хүүхдүүдийн өмнө тулгамдсан хоёр асуудал шийдвэрлэхээ амлав.

Тэрбээр “Мөрөн хотын нийтийн тээвэрт хүүхдийн хөнгөлөлттэй үйлчилгээг гаргах, сумын төвүүдийг иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгох ажлыг эхлүүлнэ” гэдгийг амлав. “Хөвсгөлчүүд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн үзэл баримтлалд суурилж, “Хүүхдэд ээлтэй орон нутаг” санаачилгыг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2012-2016 онд амжилттай хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд хоймор нутгийн 0-17 насны 47908 орчим хүүхдийн эрхийг хангаж ажиллах сайн засаглалыг хөгжүүлж, тэдний өнөөгийн болон ирээдүйн сайн сайхан амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгыг өдөр бүр хангасаар байна.

Цаашид хүүхдийн асуудлыг эн тэргүүнд тавьж, тэдний язгуур эрх, ашгийг хангах, эцэг эхчүүдийн хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийн хэрэгжилтийн үр нөлөөгөөр хүүхдийн аж байдалд гарч буй өөрчлөлтийг хэмжиж, үр дүнг тооцон ажиллана” гэдгийг энэ үеэр Засаг дарга Л.Ганболд онцолж байлаа.

 

Холбоотой мэдээ