Монгол Улсад бүртгэлтэй хөлөг онгоцны далайчны хөдөлмөрлөх эрхийг хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-20 19:37:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын "Далайн хөдөлмөрийн тухай конвенц"-д 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.


Монгол Улс нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүний хувьд, Далайн хөдөлмөрийн тухай конвенцод 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, гишүүний эрхээ хадгалах зорилгоор Засгийн газраас уг хуулийн төслийг боловсруулсан. Далайн хөдөлмөрийн тухай конвенцод тусгасан "далайчдын эрхийг хангах үүднээс хөлөг онгоц эзэмшигчийг санхүүгийн баталгаатай байх" ерөнхий шаардлагыг 2014 оны нэмэлт, өөрчлөлтөөр нарийвчлан зохицуулжээ. Тодруулбал, хөлөг онгоц эзэмшигчийн санхүүгийн баталгаанаас гадна хүлээх хариуцлагатай холбоотой шаардлагыг нэмжээ. Энэхүү конвенцын нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрснөөр Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргасан хуулийн этгээдээс далайчны цалинг гэрээнд заасны дагуу олгох талаар болон бусад санхүүгийн баталгааг шаардах боломжтой болно. Ингэснээр хөлөг онгоцон дээр ажиллаж буй далайчны хөдөлмөрлөх эрхийг хангах, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хариуцлагыг дээшлүүлэх ач холбогдолтой юм. 


Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганд танилцуулахаар тогтов.


Ташрамд дурдахад, Монгол Улсын Төрийн далбааг мандуулсан худалдааны 358 хөлөг онгоц 32 орны их далайд хөвж буй. Сингапур дахь “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК  жилд 2 сая орчим ам.долларын орлого олж, Сангийн яаманд 200 сая төгрөг тушаадаг байна.


Хуулийн төслийг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү.

Холбоотой мэдээ