П.Энхтуяа: Амьдрах орчноо сайжруулах нь 00-оо шинэчлэхээс эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-11-19 15:06:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн 00-ын өдөр өнөөдөр тохиож байна.

Энэ өдөр Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран “Хандлагаа өөрчилье! Хэнийг ч орхигдуулахгүй” уулзалт өдөрлөгийг дүүргийн Соёлын ордонд Жанжин клубт өнөөдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн талаар Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Орчны эрүүл мэндийн албаны дарга, анагаах ухааны доктор П.Энхтуяагаас тодрууллаа.

-Бие засах газрын ариун цэврийг сахих талаар та бүхэн танилцууллаа. Шаардлага хангаагүй 00-оос үүдэлтэй ямар өвчлөл үүсдэг вэ?

-Стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжгүйгээс болж хүний эрүүл мэнд болон амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, томчуулын насжилтад нөлөөлж байна. Бага насны хүүхдэд гэдэсний төрөл бүрийн суулгалт халдварт өвчлөл гардаг нь 00-той шууд холбоотой байдгийг судалгаагаар тогтоосон. Манай улсад жишээ нь, нүхэн жорлон, ил задгай бохир нь ялаа, батгана, шавьжаар дамжин суулгалт өвчний эх үүсвэр нян халдварладаг. Хүний гар болон гутлын улаар дамжин гэрт орж ирж халдварлуулдаг.

Гэр хорооллын нөхцөлд иргэд гараа угаахад ус, ариун цэврийн цаас, саван тэр бүр гарын дор байдаггүй, ялангуяа сургууль, дотуур байранд боломж нөхцөл нь хязгаарлагдмал байдаг. Үүнтэй холбоотойгоор гэдэсний халдвар, цаашлаад ходоод, гэдэсний эмгэг үүсдэг. Улмаар гэдэс, ходоодны замын бүх үрэвслийн суурь нь болдог.

Энэ нь хүмүүсийн тав тухтай амьдрах, ажиллах нөхцөлийг доройтуулж, аюулгүй байдлын дарамтыг үүсгэдэг. Үүнээс сэргийлэх боломжтой байтал ингэж чадаагүйгээс болоод гэр хороолол болон хөдөө, орон нутагт иргэдийн 50 хувь нь хүүхдүүдээ гэдэсний халдвараар өвтгөж байна. Тиймээс бид өнөөдөр иргэдэд амьдрах орчны нөхцөлөө сайжруулах хандлагаа өөрчлөх хэрэгтэйг зөвлөж байна.

-Хандлагаа яаж өөрчлөх вэ?

-Гэр хорооллынхон жишээ нь, манайх өнөөдөр нүхэн жорлонтойгоо байгаад байх уу гэдгээс эхэлж сэтгэхүй, хандлага, орчноо өөрчлөх хэрэгтэй байна. Үүнд, мэргэжилтнүүд бид бас нүхэн жорлон хөрсөнд нэвтчин алсуураа худаг, гүний ус зэрэгтэй холилдон байгаль орчин, амьдрах орчинд сөргөөр нөлөөлдгийг ойлгуулах хэрэгтэй юм. Жишээ нь, нүхэн жорлонг гэр, амины орон сууц, үйлчилгээний газраас 15, голын эргээс 200-250, ус түгээх цэг, гүний худгаас 20 м-ийн зайд тус тус байрлуулах ёстой юм.

Бидний судалгаагаар зарим дүүргийн гэр хорооллын айлуудын 20 хувь нь хашаандаа 3 удаа жорлон ухсан байх жишээний. Жорлон нь дүүрэхээр соруулж зөөлгүй, шууд дараад дахиад нэгийг ухаж байна. Тиймээс амьдрах орчноо сайжруулахын тулд хандлагаа өөрчлөхгүйгээр энэ бүхнийг шийдэхгүй.

-Айл бүр бохироо соруулах чадалгүй байдаг. Тиймээс наад захын шаардлагыг хангаж, яаж өөрчлөх вэ?

-Юуны өмнө жорлондоо доторлогоо хийж ялаа шумуул, шавж орохгүй болгох хэрэгтэй. Бие засах тавцанг хальтраад унахгүйгээр бөх бат, цэвэр байхаар хийх хэрэгтэй. Агааржуулагчаа салхины эсрэг, тодорхой өндөрт байх стандарт хэмжээгээр нь хийх хэрэгтэй байна. Мөн байнга ариутгаж байх нь чухал гэв.










Өнөөдрийн өдөрлөгт “WASH action” ТББ-ын тэргүүн Ц.Батцэрэн, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Нарантуяа, дүүргийн Эрүүл мэндийн төвийн халдвар судлаач Ш.Шижиржаргал нарын мэргэжлийн хүмүүс оролцож иргэдэд гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн сүүлийн үеийн шийдлээс танилцуулж, мэдээлэн зөвлөгөө өглөө.



Б.Болд

Холбоотой мэдээ