“Бичигт” хилийн боомтын барилга байгууламжийг шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-19 14:51:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдааны үеэр, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 7-8-нд Сүхбаатар, Дорнод аймагт ажилласан талаарх мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. 


Монгол Улсын Ерөнхий сайдын албан томилолтын мэдээлэлтэй холбогдуулан дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Сайншанд-Алтанширээ-Хөөт чиглэлийн төмөр замын трассыг Баруун-Урт хотоор дайруулах асуудлыг судалж шийдвэрлэх, Сүхбаатар аймгийн “Бичигт” хилийн боомтын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр шинэчлэхээр боллоо. 



Мөн Дотоодын эх үүсвэрийн нөөцтэй болтол “Бичигт” хилийн боомтын цахилгаан хангамжийг БНХАУ-аас хангах талаар судалж шийдвэрлэх, Үйлдвэрлэлийн болон өрөмдлөгөөс үүсэж байгаа газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис агуулсан шингэн хаягдлыг дахин боловсруулж, байгаль орчинд ээлтэй арга, аргачлалаар устгах, саармагжуулах, Хугацаа дууссан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон химийн бодисыг устгахыг холбогдох албаныханд үүрэгдэв. 


Түүнчлэн, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх ажлыг хугацаанд нь чанартай хийлгэн ашиглалтад оруулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Үүнээс гадна “Бичигт” хилийн боомтын газар эзэмшил, хилийн боомт байрлаж байгаа нутаг дэвсгэрт засаг, захиргааны нэгж /баг/ байгуулахыг судалж шийдвэрлэхийг Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатарт даалгалаа. 

Холбоотой мэдээ