Томуу, томуу төст өвчний хүндрэлийг хэрхэн эмчлэхэд суралцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-11-18 17:06:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Томуу томуу төст өвчний үеийн оношилгоо эмчилгээний менежмент, сүүлийн үеийн чиг хандлага" сургалт ЭХЭМҮТ-ийн сургалтын танхимд өнөөдөр эхэллээ.

Тус төв жил бүр томуугийн улирлыг угтан эмч мэргэжилтнүүдэд зориулсан томуу, томуу төст өвчний эмнэлзүйн чиглэлээр сургалт зохин байгуулдаг. Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтад Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн өрх, сум аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн 400 гаруй эмч хамрагдаж байна.

Энэ удаагийн сургалтыг 2 шатлалаар явуулж буйгаараа онцлогтой. Сургалтаар эмнэлгийн нөхцөлд томуу, томуу төст өвчний хүндрэлийг хэрхэн эмчлэх, анхаарах зүйлүүд, өрх сумын эмч нар гэрийн нөхцөлд хэрхэн хянаж эмчлэх талаар мэдээлэл өгч буй юм. Түүнчлэн томуу томуу төст өвчний үеийн хүндрэл уушгины үрэвсэл болон бага насны хүүхдэд зонхилон тохиолдох өвчний эмнэлзүйн шинжүүд, эмчилгээний сүүлийн үеийн хандлагуудын талаарх агуулгыг багтаажээ.

Өнөөгийн байдлаар улирлын томуу нэмэгдэх хандлагатай бөгөөд Улаанбаатар хотод томуу, томуу төст өвчин дунджаар 4,3 хувьтай байна. Иймд энэхүү сургалт цаг үеэ олж, эмч мэргэжилтний мэдлэг ур чадварт нэмэр болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Холбоотой мэдээ