Баян-Өлгий, Ховд аймгууд баруун бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-17 22:40:34

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгээр Ховд аймгийн Аялал жуулчлалын холбоо болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, нөхөрлөлийн төлөөллүүд энэ сарын 14, 15-ны өдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Энэ үеэр Баян-Өлгий аймгийн Аялал жуулчлалын холбооны удирдлагууд болон аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдтэй туршлага солилцох уулзалт хийлээ.

"Ховд аймгийн аялал жуулчлалын холбоотой баруун бүсэд аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх асуудлаар уулзалт хийж, санал солилцов. Мөн манай аймгийн Аялал жуулчлалын холбоо болон жуулчдыг хүлээн авах зочид буудал, жуулчны баазуудын үйл ажиллагаа, Бүргэдийн баярын хөтөлбөрийг танилцуулж, хамгийн сайн аяллын хөтчүүдтэй уулзууллаа. Ховд аймагт болох "Мөнгөлөг шагшуурга", "Цайны зам" үйл ажиллагаануудад манай холбооны төлөөлөл оролцож, гадаадын жуулчдыг татах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо" гэж Баян-Өлгий аймгийн Аялал жуулчлалын холбооны дэд тэргүүн Х.Досжан хэлэв.  

Түүнчлэн Баян-Өлгий, Ховд  аймгийн аялал жуулчлалын компаниуд  хоёр аймгийн түүх соёлын дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудад харилцан аялал хийх боломжуудын талаар ярилцаж, цаашид бодит ажил хэрэг болгохоор тохиролцсон байна.  

Холбоотой мэдээ