Кубын цэргийнхэнтэй холбоотой байгууллагуудыг хар жагсаалтад оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-16 11:16:37

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ Кубын цэргийнхэнтэй холбоотой таван зочид буудлыг “хар жагсаалтад” орууллаа гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдээлжээ.


“Кубын ард түмний хүний эрхийг зөрчөөд зогсохгүй эдгээр хэлмэгдүүлэлтийг Венесуэл руу экспортолж байгаа Кубын аюулгүй байдлын аппаратад Америкийн сангууд шууд дэмжлэг үзүүлэхгүй байх чиглэлийг АНУ урьдын адил баримталсан хэвээр байна” гэж тэрбээр тусгайлан хийсэн мэдэгдэлдээ цохон тэмдэглэсэн байна.


"Нэгэн цагт Америк тивийн хамгийн эрч хүчтэй, цэцэглэн хөгжсөн хотуудын нэг" байсан Хаванагийн 500 жилийн ойг Куба улс бямба гарагт тэмдэглэнэ гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга сануулсан байна. Гэвч энэхүү ой нь Кубын хувьсгал тус улсын ард түмэнд хэрхэн хор хөнөөл учруулж байгааг гунигтайгаар сануулдаг гэж тэрбээр хэлжээ.


АНУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны зургадугаар сард гаргасан шийдвэрийн дагуу “хар жагсаалтад” орсон байгууллагуудтай санхүүгийн шууд гүйлгээ хийх хориотой байна. Одоогийн байдлаар уг жагсаалтад 100 гаруй байгууллагыг оруулжээ. Эдгээрийн ихэнх нь Кубын аялал жуулчлалын дэд бүтцийн объектууд, зочид буудлууд, амралт сувиллын цогцолборууд аж. АНУ-ын худалдааны хоригт өртсөн Кубын хувьд аялал жуулчлалын салбар нь орлогын гол эх үүсвэр юм.


Куба дахь өмч хөрөнгийг нь улсын мэдэлд авсны хариуд АНУ тус улстай 1961 онд дипломат харилцаагаа тасалжээ. Үүний дараа Вашингтон тус улсад худалдаа, эдийн засгийн хориг арга хэмжээ авснаа мэдэгдсэн байна. Кубын эрх баригчид 1992 оноос хойш Америкийн хоригийг цуцлах тухай тогтоолын төслийг жил бүр НҮБ-ын Ерөнхий ассамблейд өргөн барьдаг. Тус улсын худалдаа, эдийн засагт тавьсан АНУ-ын хоригийг цуцлахыг уриалсан тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2019 оны арваннэгдүгээр сарын эхээр 28 дахь удаагаа баталжээ.


2015 онд хоёр орны дипломат харилцааг сэргээсэн бөгөөд 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кубад айлчилсан билээ. Гэвч Дональд Трампын засаг захиргаа 2017 оноос хойш Эрх чөлөөний арал гэгддэг Кубын эсрэг дахин хатуу бодлого баримталж эхэлсэн юм.


Холбоотой мэдээ