Салбар дундын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-11-14 20:56:39

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, нийгэмд тулгамдаж буй бусад асуудлыг хамтаар шийдвэрлэх зорилго бүхий нийт 30 хамтарсан баг ажиллаж байна. Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ, холбогдох байгууллагууд хамтран Баянхонгор сумын 10 багийн хамтарсан багийн гишүүдийн нэгдсэн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. 

Хамтарсан багийн үүрэг хариуцлага, үйл ажиллагааг 2016 онд батлагдсан Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хууль болон 2017 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиар нарийн тодорхойлж, хууль эрхзүйн орчныг бүрдүүлжээ. Баянхонгор сумын хэмжээнд сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ж.Мөнхсоёл ахлагчтай 10 баг тус бүрт хамтарсан багийн  88  гишүүн ажилладаг байна. 

Уулзалт зөвлөгөөнийг нээн Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл үг хэлж, ард иргэдийг соён гэгээрүүлэх үүрэг хүлээсэн нийт хамтарсан багийн гишүүдэд баяр хүргэн, энэ удаагийн зөвлөгөөнөөр ажилгүйдэл, ядуурал, хавтгайрсан нийгмийн халамж, боловсролын системийн гажуудлаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлийн талаар дэлгэрэнгүй санал бодлоо солилцож, салбар дундын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулна гэдэгт найдаж буйгаа илэрхийлж байлаа. 

Жилээс жилд хамтарсан багийн нийгэм дэх үүрэг оролцоо өсөн нэмэгдэж, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудлуудыг илрүүлж зохих ёсоор шийдвэрлэсээр ирсэн ч хамтарсан багийн гишүүдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, салбар дундын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хүүхэд хамгааллын асуудлуудыг тодорхойлж, хүүхдийн эрх зөрчигдөж буй байдлыг бууруулах шаардлага тулгарч байгааг хамтарсан багийнхан хэлж байв. 

Уулзалт зөвлөгөөнөөр салбар дундын байгууллага тус бүр хамтарсан багийн хүрээнд хийсэн жилийн ажлын тайланг танилцуулж, гишүүдийн санал, шүүмжлэлийг хүлээн авсан байна. Ийнхүү тус зөвлөгөөнөөр хүүхдийн хичээл сургалт, хүмүүжилд эцэг эхчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хавтгайрсан халамжийн бодлогод хяналт тавих, эрүүл мэндийн сургалт, үзлэг оношилгоонд шаардлагатай санхүүжилтыг нэмэгдүүлэх, иргэдэд иргэний үүргээ биелүүлж байж төрийн үйлчилгээг хүртэх ухамсрыг төлөвшүүлэхэд чиглэсэн ажлыг зохион байгуулахаар тогтжээ.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, багийн нийгмийн ажилтнуудын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж шаардлагатай санхүүжилтыг нэмэгдүүлэх, боловсролын нийгмийн ажилтнуудыг хүүхдэд хүрч ажиллах нөхцөл боломжоор хангах, анги танхимын хүрэлцээг бий болгох, тэдгээрийн ажлын цагийг нийгмийн ажилд зарцуулах, хамтарсан багийн гишүүдийг урамшуулах, гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийллийг иргэдийг соён гэгээрүүлэх замаар бууруулах зэрэг асуудлыг шийдвэрлэхээр болсон байна.

Холбоотой мэдээ