Хэрэгтэйгээ өөрөө хийдэг шинийг санаачлагч бүтээлч инженер

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-11-14 11:29:17

Хэнтий /МОНЦАМЭ/ Хурхын шар талд олон залуус ирж тарианы ажилд хөл тавьж байгаагийн нэг нь “МЭОМЭ” компанийн залуу захирал, авто инженер мэргэжилтэй Батсайханы Оргилсайхан юм.

Тэрбээр ШУТИС төгсөөд уул уурхайн салбарт хэдэн жил ажиллахдаа хар бор ажилд нухлагдан гагнуур ч хийж сурсан нь инженерийн сэтгэлгээгээр газар тариаланд хэрэгтэй бүхнээ хийхэд их дөхөм болж байна. Тухайлбал, энэ намар 30 метр алхмын өргөнтэй хор цацагчийг өөрт байгаа материалаар гар аргаар хийж угсран JPS автомат жолоодлого системтэйгээр нийт 2800 га талбайд химийн уринш хийжээ. Өөрийн 800 га, зэргэлдээ хоёр компанийн нийт 2000 га-д химийн уринш хийж өгсөн гэсэн үг. Өөрийн гаргасан тооцооллоор бүрэн гүйцэтгэлтэй хийсэн хор цацагчийг маш хямд зардлаар хийж ийн үйлдвэрлэлд нэвтрүүллээ. Хэрвээ худалдаж авбал ийм хэмжээний хор цацагч зах зээлд 60 гаруй сая төгрөгийн үнэтэй.

Б.Оргилсайхан нийт 3500 тонн багтаамжтай будаа хадгалах сав өмнө нь гурвыг барьсан туршлага дээрээ үндэслээд Хурхын шар талдаа барихаар төлөвлөжээ. Энэ нь хэвтээ бөмбөгөр хэлбэртэй байх бөгөөд бороо шороотой үед талбайд трактор машин засахад ч хэрэгтэй эд. Ийнхүү инженерийн бүтээлч сэтгэлгээтэй залуус газар тариаланд шинэ өнгө, шинэ эрч хүчтэй ирж байна.       

Холбоотой мэдээ