Баян-Өлгий аймгийн шүүхийн шийдвэрүүд сонгомол эмхэтгэлд оржээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-12 16:50:53

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.  Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн таван магадлал, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хоёр шийдвэр "Монгол Улсын Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл IV боть" номд оржээ.

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүхийн шийдвэрийг нийтлэх журам”-ыг 2014 оны 32 дугаар тогтоолоор баталжээ. Тус журмын дагуу шүүхийн шийдвэрийг судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, шүүхийн шийдвэрийн шүүмж судлалыг хөгжүүлэх, шүүхийн практик судлах ажлыг өргөжүүлэх зорилгоор "Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл” бүтээлийг жил бүр эрхлэн гаргадаг байна. Саяхан хэвлэгдэн гарсан IV ботид манай улсын бүх шатны шүүхээс 337 шийдвэр /тогтоол, магадлал, шийдвэр/ ирүүлснээс 57 шийдвэрийг шүүгчид болон эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй баг шалгаруулж, эмхэтгэлд оруулжээ.

Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат "Монгол Улсын Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл  IV боть" номыг өнгөрсөн долоо хоногт шийдвэр нь шалгарч нийтлэгдсэн Ерөнхий шүүгч, шүүгчдэд гардуулж баяр хүргэсэн байна.

Ташрамд дурдахад, 2017 онд хэвлэгдсэн "Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл III боть” бүтээлд Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хоёр, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дөрвөн шийдвэр сонгогдон нийтлэгдэж байжээ.

Холбоотой мэдээ