Эво Моралесийн суусан онгоц Мексик рүү нисжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-12 14:23:37

МЕХИКО. /RIA Novosti/. Боливийн Ерөнхийлөгч асан Эво Моралесын суусан нисэх онгоц тус улсаас ниссэн тухай Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард “Twitter” хуудсандаа мэдээлжээ.


"Эво Моралес олон улсын конвенцын дагуу Мексик улсын хамгаалалтад орлоо. Түүний амь нас, эрүүл мэнд одоо аюулгүй"  гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.


Моралес улс орноо орхин улс төрийн орогнол олгосон Мексик рүү нисэх гэж байгаагаа өмнө нь мэдээлжээ. Үүний сацуу тэрбээр "илүү их хүч чадал, эрч хүчтэйгээр удахгүй эргэж ирэхээр төлөвлөж байгаагаа" нэмж хэлсэн байна.


Моралес 10 дугаар сарын 20-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд ялсан боловч түүний гол өрсөлдөгч Карлос Меса сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй байна. Боливийн Зэвсэгт хүчин ням гарагт Моралест хандан улс орны тогтвортой байдлыг хангах үүднээс албан тушаалаасаа огцрохыг уриалжээ. Үүний дараа тэрбээр огцрохоо мэдэгдсэн билээ.

Холбоотой мэдээ