Булган сумын дулааны хангамжийн асуудлаар аймгийн Засаг даргад чиглэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-11-12 11:37:44

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Булган сумын дулаан хангамжийн асуудлыг хэлэлцэн аймгийн Засаг даргад чиглэл өглөө.

Аймгийн ИТХ-аас “Энержи плас” ХХК-ийн дулааны станц, “Булган мээж” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцан, тулгамдаж буй асуудлыг судалж, санал боловсруулах ажлын хэсэг ажиллуулсан юм. Орон нутгийн өмчит “Булган мээж” ХХК-ийн менежментийг сайжруулах, дулаан үйлдвэрлэх, борлуулах аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааны гэрээ байгуулахад хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлж, хяналт тавих, хэрэглэгчдийг хэрэглээний халуун усаар хангах, Булган суманд шаардлагатай шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн 2,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хэрэгжүүлэх чиглэлийг аймгийн Засаг даргад өгөөд байна.

Мөн дулааны шугамын усны алдагдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулахыг холбогдох албан  тушаалтнуудад үүрэг болгов. Одоогоор Булган сумын дулааны шугам хоногт 50 орчим тонн усны алдагдалтай байгаа аж. “Энержи плас” ХХК-ийн дулааны станц, “Булган мээж” ХХК-ийн хооронд дулаан түгээсний орлогыг хуваарилах асуудал маргаантай жилийн нүүр үзэх гэж байна. Одоогоор дулаан үйлдвэрлэсэн тал 60, түгээсэн нь 40 хувийг авахаар гэрээ байгуулаад ажиллаж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Д.Нарангэрэл ярилаа.

Холбоотой мэдээ