Засгийн газрын тусгай сангуудын санхүүжилтийг ил тод болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-08 17:50:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж буй Засгийн газрын тусгай сангуудыг оновчтой зохион байгуулж санхүүжилт, зарцуулалтыг ил тод, хяналттай болгох, олон нийтийн оролцоог хангах замаар эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Мөн төсөлтэй холбогдуулан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 15 хуулийн төслийг боловсруулсан байна. Түүнчлэн Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нийт батлан даалтын 60 хувийг Засгийн газрын тусгай сангаас давхар батлан даахаар зохицуулсныг хүчингүй болгож, төсөвт ирж болзошгүй өр төлбөрийн эрсдэлийг бууруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг болон УИХ-ын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалаа. Тухайлбал, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас ЖДҮХС-г татан буулгахаар тусгасан байсныг өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг олонх дэмжив. Түүнчлэн хөдөө аж ахуйг дэмжих зорилго бүхий Хөдөө аж ахуйг дэмжих сантай холбоотой тусгай зүйл нэмэх санал олонхын дэмжлэг авлаа. Улмаар уг хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ