Хот төлөвлөлтөд ландшафтын хэрэгцээ улам бүр өсөж буйг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-11-08 16:38:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл, хот суурин газрын ногоон байгууламж өнгө үзэмжтэй байхаас гадна загварлаг байх нь нэн чухал. Энэ нь оршин суугчдад тав тухтай  амьдрах орчин нөхцөл болдог талаар ХААИС-д өнөөдөр болсон “Хот суурин газрын ландшафтын архитектур-2019” эрдэм шинжилгээ, онол практикийн хурал дээр хөндөж байв.

ХААИС-ийн Агроэкологийн сургууль, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Ботаникийн хүрээлэн, Монголын Ландшафтын архитектур судлалын холбооноос зохион байгуулсан хурлыг ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн сургалт эрхэлсэн орлогч захирал, доктор Ш.Оюунтуяа нээлээ.


Тэрээр, хот төлөвлөлт болон хүрээлэн буй орчин нөхцөлийг бүрдүүлэхэд ландшафтын хэрэглээ, хэрэгцээ улам бүр өсөж буйг онцолж байв. Тиймээс хүрээлэн буй орчны дүр төрхийг шинэчлэн өөрчлөх, энэ талын хэрэглээ, сургалтыг эрчимжүүлж чанаржуулах шаардлага байгааг дурдаж, энд оюутан залуус, мэргэжлийнхний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь чухлыг тэмдэглэлээ.


Хуралд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн бодлого хариуцсан мэргэжилтэн, доктор Д.Сүхбат оролцож, үг хэлэхдээ, “Хот суурин газрын ландшафт нь нийслэл хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна” гээд, үүнийг Тогтвортой хөгжлийн зорилт, ногоон хөгжлийн бодлогод тусгаснаар, олон улсын жишигт уялдуулан хөгжүүлэх шаардлага тулгарч буйг мөн онцоллоо.


Өнөөдрийн хуралд ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн доктор, дэд профессор Ж.Бат-Эрдэнэ “Эгэл нарсан ногоон байгууламж, гоёл чимэглэл”-ийн талаар, Монголын Ландшафтын архитектур судлалын холбооны гишүүн Б.Ганзориг “Улаанбаатар хотын ландшафтын дизайн”-ы талаар тус тус танилцууллаа. Мөн Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимийн доктор, дэд профессор П.Ариунсүрэн болон тус тэнхимийн магистрант Э.Баянзул нар нийслэлийн нийтийн эзэмшлийн зүлэг талбайг гэрэл зураг болон дрон ашиглан мониторинг хийх аргаар хянах боломжтойг танилцууллаа.

Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлыг “Торгон зүлэг” ХХК ивээн тэтгэж, ХАА-н эрдэмтэн, профессор, судлаачид болон оюутнууд, ХААИС-д ажиллаж буй БНСУ-ын зөвлөхүүд, төрийн байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны xүрээлэн, ТББ-ыг төлөөлсөн 80 орчим хүн оролцлоо.

ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн оюутнууд хурлын үеэр шинэсний суулгац ургуулсан болон Сибирь жодоо модны газрын дээрх биомассыг тодорхойлох тэгшитгэл, судалгааны дүнтэй тус тус танилцлаа. Мөн парк, цэцэрлэгийн ландшафтын архитектур төлөвлөлт, бичил цэцэрлэгт өвслөг ургамлыг зохиомжлох аргаас суралцав.



Б.Болд

Холбоотой мэдээ