"Алтан намар-2019" хөгжмийн наадам хөшгөө нээв

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-11-08 12:32:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Алтан намар-2019" 37 дахь хөгжмийн наадам өчигдөр 19.00 цагт Улсын филармонийн концертын танхимд  том хэлбэрийн бүтээлийн концертоор эхэллээ.

"Алтан намар" наадмын сүлд дуу болсон Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын ая, МУСГЗ, яруу найрагч Д.Цэдэвийн шүлэг "Алтан намар" дууг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Зангад, МУСТА Н.Амаржаргал нар найрал дуучидтай дуулж энэ жилийн хөгжмийн наадмын хөшгийг нээв.

Том хэлбэрийн энэ жилийн бүтээлд найман хөгжмийн зохиолчийн бүтээл тунаснаас үзэгчид, шүүгчдийн үнэлгээгээр шилдэг бүтээлийг шалгаруулна. Хөгжмийн зохиолч, МУСТА С.Тараагийн  "Шударга, төгөлдөр хуурт зориулсан хоршил концерт", МУСТА Цэн.Эрдэнэбатын "Эвэр бүрээ, симфони найрал хөгжимд зориулсан концерт", МУСТА Х.Алтангэрэлийн "Их хуур, симфони найрал хөгжимд зориулсан концерт", МУУГЗ Ж.Энхбаярын "Симфони-1" гэсэн дөрвөн бүтээлийг сонслоо.

Өнөөдөр 19.00 цагт МУСТА Ш.Өлзийбаярын "Морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан 5 дугаар концерт", МУСТА Д.Ариунболдын "Икэл, төгөлдөр хуур, цохивор хөгжмийн цөөхүүлд зориулсан концерт", Төрийн шагналт Б.Мөнхболдын "Эрч ба хүч", "Морин хуур, симфони найрал хөгжимд кориулсан Токкато", Төрийн шагналт С.Соронзонболдын "Симфони-4" бүтээлийг сонсох юм.

Эдгээр бүтээлээс хөгжмийн томоохон шилдэг бүтээлийг шалгаруулж улсын санд худалдан авах юм.

Холбоотой мэдээ