“Оросын сэргэн мандалт” кино өдрүүд Улаанбаатарт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-07 11:26:43
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд “Оросын сэргэн мандалт” орос киноны долоо хоног өчигдөр эхэллээ. Монгол-Оросын найрамдалт хамтын ажиллагааны 59 дэх өдрүүдийн хүрээнд найм дахь удаагаа зохион байгуулж буй уг кино долоо хоногоор Оросын орчин үеийн 11 киног Монголын үзэгчдэд толилуулах юм.


Энэ жилийн “Оросын сэргэн мандалт” кино долоо хоног Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулагдаж буйгаараа онцлог. Гэхдээ зөвхөн дайны сэдэвт бүтээлээс гадна Оросын орчин үеийн кино урлагийн хөгжлийг харуулсан шинэ залуу найруулагчдын бүтээлийг үзэгч олонд мөн толилуулах аж.



“Оросын сэргэн мандалт” кино наадмын ерөнхий продюсер Сергей Новожилов: “Энэ жилийн кино долоо хоног маань Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулагдаж байна. Гэхдээ дайны сэдэвт бүтээлээс гадна Кино наадмын бүрэлдэхүүнд үе үеийн дэлгэцийн уран бүтээлчид багтаж байгаа учир тэдний илэрхийлэх санаа үзэгчдэд сонирхолтой байх болов уу. Кино долоо хоног маань миний бие продюсероор нь ажилласан “Хачин тохиолууд” киногоор эхэлж байгаад сэтгэл догдолж бага зэрэг сандарч байна” гэв.



Кино наадамд бүтээлээ танилцуулахаар ОХУ-ын кино найруулагч, жүжигчид хүрэлцэн ирсний дотор Зөвлөлт Оросын нэрт жүжигчин, ЗСБНХОУ-ын Ардын жүжигчин Лариса Лужина багтсан байна.


Тэрбээр: “Би Монгол Улсад 40-өөд жилийн өмнө ирж байсан. Тавдугаар сард ирж байсан санагдаж байна. Өнгө өнгийн цэцэг дэлгэрсэн үзэсгэлэнтэйгээр миний сэтгэлд үлджээ. Түүнээс хойш Улаанбаатар хот их өөрчлөгдөж бүр сайхан болсон байна. Зөвлөлт Холбоот Улсын үед орос киног Монголд ихэд таашаан үздэг байсан. Манайх ч сайн кинонууд хийдэг байсан. Одоо ч Оросын сайн уран бүтээл их байдаг ч дотоодын үзэгчиддээ ч тэр бүр хүрч чадахгүй байна. Энэ нь нэг талаараа кино театрт киногоо тавих өртөг хэт өндөр байгаатай холбоотой байх” хэмээв.


Энэ сарын 6-12-нд Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд ОХУ-ын кино найруулагч Андрей Мышкиний “Хачин тохиолууд”, Владимир Потаповын “Анир чимээгүйн хашхираан”, Павел Дроздовын “Баяртай гэж хэлэхгүй шүү”,  Евгений Яцкин, Алена Рубенштайн нарын “Энэ бүхэн үүрд биш юм”, Павео Маклайн “Гүргэм зүрх”, Авдотья Смирновагийн “Дүү охин”,   Станислав Соколовын “Гофманиада”, Виктор Афлёровын “Чацарганатай зун” зэрэг бүтээлийг үзэж сонирхон, найруулагч, жүжигчидтэй уулзах боломжтой.


Түүнчлэн Алексей Харитоновын “Хахууль”, Дарья Грацевичийн “Войд”, Владислав Бахановичийн “Махны машин” зэрэг орчин үеийн богино хэмжээний киног мөн толилуулах аж.






 


 

Холбоотой мэдээ