МУУГЗ Д.Дамдинсүрэнгийн бүтээлүүдээс дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-11-06 18:48:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Аж байдлын уран зургуудаараа Их хүрээний түүхийг дүрслэн үлдээсэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр уулзалт, ярилцлага зохион байгууллаа. Түүний зурсан “Арван засгийн бөх”, “Уран Занабазар”, “Хүрээ Майдар”, “Хүрээ цам” зэрэг бүтээл нь дээрх музейн үнэт үзмэр болж хадгалагддаг юм.

Уулзалт ярилцлагын үеэр, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал У.Сарантуяа, зураачийн охин Г.Дариймаа нар зураачийн тухай зурагт хуудас, ном товхимол хэвлэн гаргаснаа танилцуулав. 



Түүний охин, доктор, дэд профессор Д.Дариймаа аавынхаа амьдрал болоод уран бүтээлийн түүхийг дурсан ярьсан бол, урлаг судлалын ухааны доктор О.Сосор, зураач, доктор С.Бадрал нар лекц уншиж, уулзалтад оролцсон зураач, судлаач, оюутнуудын асуултад хариулав. Эрдэмтэн судлаачид "Д.Дамдинсүрэнг Марзан Шаравын дараагийн үеийн Монголын томоохон бурханч, уран зураач юм" гэдгийг онцолж байлаа. Зураачийн алга болсон хэд хэдэн бүтээлийг эрэн сурвалжилж, олны хүртээл болгох саналыг ч сөхөж байв. 

Түүнчлэн энэ үеэр, улсын сан хөмрөгт хадгалж буй Д.Дамдинсүрэнгийн бүтээлээс дэлгэсэн үзэсгэлэнг гаргасан юм. 



Холбоотой мэдээ