Хөдөлмөр хамгааллын зардлыг төсөвт тусгахыг шаардлаа

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-11-06 13:07:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮЭ-үүдийн холбооноос төсвийн байгууллага дахь ХАБЭА-н зардлын хувь хэмжээг төсвийн зардлын ангилалд оруулж, улсын төсөвт тусган хэрэгжүүлэх саналыг төр, засагт хүргүүлж буйгаа өнөөдөр мэдэгдлээ.

Энэ талаар УБТЗ нийгэмлэгийн төмөр замдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраас тодруулбал, “ХАБЭА-н тухай хуулийн 26.2-т төсвийн байгууллага нь тухайн жилийн баталсан төсвийн 0.5 хувиас, ААН, байгууллага эрсдэлийн түвшнээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг ХАБЭА болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тус тус зарцуулна гэж заасан.

Үүнийг төсөвт оруулахгүй, тусгахгүй, төсөвлөхгүй байна. Үүнийг бид шаардаж, УИХ-аар одоо хэлэлцэж буй улсын төсвийн төсөлд тусгуулах хүсэлтээ илэрхийлж байна” гэв.


Тэрээр мөн "Газрын дор болон халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Дээрх жагсаалтад 1779 ажлын байр багтдаг ч хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн үнэлгээ, дүгнэлтэд үндэслэж өөрчлөх шаардлагатай байна. Өөрчлөлттэй холбоотойгоор шаардагдах хөрөнгийг мөн улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх хэрэгтэй" гэв.


Мэдээллийн үеэр МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байхаар Улсын төсөвт мөн тусган хэрэгжүүлэх хэрэгтэйг мэдэгдлээ. Үүнээс гадна цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдүүлэх эх үүсвэрийг улсын төсөвт баталгаажуулж, хэрэгжилтийг хангуулахад анхаарахыг хүсэж буйгаа хэлэв.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ