“Би эстрадын дуучин-2016” аймгийн наадам боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАвьяаслаг хүүхэд, багачуудын дунд “Би эстрадын дуучин -2016” аймгийн наадам зохиогдож, шилдгүүдээ шалгарууллаа.
Боловсрол, соёлын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс хамтран зохион байгуулсан энэхүү наадамд 4 насны ангиллаар 15 сумын 110 хүүхэд оролцож, өөрийн авьяас чадвараа олонд танилцуулсан юм.
Наадмын цэцэрлэгийн насны ангилалд Арвайхээр сумын 5 дугаар цэцэрлэгийн У.Баярсайхан Гранпри шагналын эзэн болсон бол “Өхөөрдөм дуучин” номинацийн эзнээр Хархорин сумын Орхон цогцолборын Т.Сарангэрэл, “Чадварлаг дуучин” номинацийн эзнээр Арвайхээр сумын 3 дугаар цэцэрлэгийн Ө.Мөнхбадрал, “Ирээдүйтэй дуучин”-аар Гучин-Ус сумын цэцэрлэгийн авьяастан П.Мөнгөнцэцэг нар тус тус шалгарсан байна. Мөн сургуулийн бага насны ангилалд Хайрхандулаан сумын ЕБС-ийн 5а ангийн сурагч Д.Одгэрэл Гранпри шагналын эзнээр, Бүрд сумын ЕБС-ийн 2а ангийн сурагч Ч.Саруул-Эрдэнэ “Мэдрэмжтэй дуучин”-аар, Хайрхандулаан сумын ЕБС-ийн 5а ангийн сурагч Б.Оюунболор “Стильтэй дуучин”-аар, Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 4е ангийн сурагч О.Даваадолгор “Ирээдүйтэй дуучин”-аар тус тус шалгарлаа.
Сургуулийн дунд насны ангилалд Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 9г ангийн сурагч Т.Наранхүү, Сургуулийн ахлах насны ангилалд Баруунбаян-Улаан сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч А.Оюун-Эрдэнэ нар Гранпри шагналын эзэд болсон юм.
Уг уралдааныг хүүхэд багачуудын дуулах ур чадварыг нэмэгдүүлэх, ирээдүйн дуучдыг тодруулах зорилготойгоор жил бүр зохион байгуулдаг билээ.
Б.Батчимэг