Францад олон мянган өрх гэрэл цахилгаангүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-11-04 12:02:10

ПАРИС. /AFP/. Францын өмнөд нутгийг “Амели” шуурга дайран өнгөрсний улмаас олон мянган өрх гэрэл цахилгаангүй болжээ. Өнгөрсөн ням гарагт Францын олон нутагт түгшүүрийн улбар шар түвшнийг тогтоосон бөгөөд зарим үед салхины хурд 163 км/цаг хүрч ширүүсжээ.


Enedis” эрчим хүчний компанийн мэдээлснээр, өнгөрсөн ням гарагийн оройны байдлаар баруун нутгийн “Нувель Аквитаниa” бүс нутгийн 55 мянган өрх цахилгаангүй байжээ. Хүчтэй салхи дэгдсэний улмаас модод булгарч, цахилгааны шугам тасарсны зэрэгцээ яаралтай тусламжийн албанд олон зуун дуудлага ирсэн байна.


Хэн нэгэн амиа алдсан талаарх албан ёсны мэдээлэл байхгүй боловч хөрсний гулгалт үүссэн Ницца бүсийн өмнөд нутагт 70 гаруй насны нэгэн эмэгтэй сураггүй болсон гэж “AFP” агентлаг мэдээлсэн байна. Мөн зургаан хүн хөнгөн гэмтэл авсны дийлэнх нь модны мөчир унасны улмаас гэмтжээ. 

Холбоотой мэдээ