Б.Баатархүү: Ямарваа нэг эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна

Монголын мэдээ | Хууль
192@montsame.mn
2019-11-02 21:46:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад жуулчин, бизнес ангиллын визтэй ирсэн ч өөр зорилготой ажил эрхэлсэн, БНХАУ-ын иргэдийг өнөөдөр Монгол Улсаас албадан гаргаж байна. Энэ үйл ажиллагааг шуурхай, аюулгүй явуулж буй талаар холбогдох албаныхан мэдээллээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү 18.46 цагт хэвлэл мэдээллийнхэнд газар дээр нь мэдээлэл өгөв. Тэрээр, “Энэ цагт БНХАУ-ын иргэдийг албадан гаргах ажиллагаа үргэлжилж байна. Тухайн иргэдийг байрлаж байсан зочид буудлуудаас нь хамгаалалт дор хүргэн ирж, галт тэргэнд суулгаж байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчид Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, “Улаанбаатар төмөр зам”-ынхантай хамтран ажиллаж байна. Галт тэрэг цагийн хуваарийн дагуу 20.45 цагт хөдөлнө.


Тэднийг зочид буудлуудаас гарахад нь үзлэг шалгалт хийсэн. Гэхдээ улсын хилээр ийм олон тооны хүн гарч буй учир аюулгүй байдлыг хангах үүднээс энд мөн давхар шалгаж, гаалийн үзлэг хийж байна” гэв.

Мөн вагон дотор үзлэг шалгалт үргэлжилж байв. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр, “БНХАУ-ын иргэдийн зорчих аюулгүй байдлыг хангах үүднээс галт тэргийг хамгаалалтад авч, вагон тус бүрт цагдаа нар болон тусгай үйл ажиллагааны алба хаагчид ажиллаж байна. Ямарваа нэг эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна” гэв.


Мэдээллийн дараа дэд хурандаа Б.Баатархүү сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Албадан гаргах ажиллагааны явцад ямар нэг саад бэрхшээл гарав уу?

-Бид бүхий л эрсдэлийг тооцон, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тухайн галт тэрэг Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарах хүртэл дайран өнгөрөх нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага давхар хянана.

-Хятад иргэдийн авч явж буй, тээшинд ачуулж буй зүйлс юу вэ?

-Энэ нь өөрсдийнх нь чемодан цүнхүүд. Бүгд хувийн эд зүйлс юм. Мэдээж хувцас хунар, ойр зуурын хувийн хэрэглэл байгаа. Бүгдийг нь шалгаж оруулж байна.


-Эдгээр иргэн Монгол Улсын хилээр дахин нэвтрэхгүй гэж ойлгож болох уу?

-Дээрх иргэдийн паспорт дээр Гадаадын иргэн, харьяатын газраас хар тамга дараад, албадан гаргаж байна. Зохион байгуулсан гэх хүмүүсийг үлдээн, саатуулан шалгаж байгаа.

-Нийтдээ хэдэн хүн байгаа вэ?

-Тодорхой тооны хүмүүсийг шалгаж байна. Энэ тоо багасах юм уу, нэмэгдэж болзошгүй.

-Энд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн иргэд байгаа гэсэн нь үнэн үү?

-Бүгд БНХАУ-ын иргэд байгаа.

Тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулсныхаа дараа, дээрх иргэдийн тээврийн зардлыг БНХАУ-ын ЭСЯ-наас гаргасан, хэдий хэмжээний зардал гарч буйг тодорхой мэдэхгүй гэсэн хариу өгсөн юм.


Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ