Шахмал түлшний сайн, мууг айсуй өвөл шалгана

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2019-10-30 18:23:13

-Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн Засгийн газрын алхмууд-


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр энэ аравдугаар сарын 28-ны байдлаар Амгалан,  I хороолол, Баруун 4 зам, 100 айл орчимд агаарын чанар хэвийн буюу чанарын индекс 57-99 байна. Бусад байршилд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 106-168 байна.  Өнгөрсөн онд энэхүү үзүүлэлт 200 орчим байсан юм.


“Хоригдсон” нүүрс


Нийслэлд ахуйн хэрэглээний зориулалтаар түүхий нүүрс оруулахыг 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн хориглосон. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 28-нд гаргасан энэхүү тогтоол нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувь хүртэл бууруулах үндсэн зорилготой. Нийслэлийн гэр хорооллын 220 мянган өрх иргэд жилд 1.2 сая тонн түүхий нүүрс түлдэг байсан бөгөөд энэ нь агаарын бохирдлын 80 хувийн эх үүсвэр болж байв. Тиймдээ ч нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглосон нь агаарын бохирдлыг бууруулах хамгийн шийдвэртэй алхмуудын нэг болсон юм.


Үүнээс өмнө буюу 2008-2018 оныг дуустал улсын төсвөөс 170 тэрбум төгрөг, гадаадын зээл, тусламжаар 104.7 сая ам.долларыг агаарын бохирдол бууруулахад зарцуулсан. Энэ хөрөнгөөр сайжруулсан зуух тараахаас эхлээд гэр хорооллын иргэдийн цахилгааны хэрэглээний шөнийн тарифыг тэглэх зэрэг олон ажил өрнүүлсэн ч үр дүнд хүрээгүй. Үүний гол шалтгаан нь түүхий нүүрсний хэрэглээ хэвээр байсантай холбоотой. Дээрх тоон үзүүлэлт ердөө агаарын бохирдлыг бууруулах төслүүдэд зарцуулсан хөрөнгө. Үүнээс гадна агаарын бохирдлоос үүдэн уушгины өвчин туссан иргэдийн эрүүл мэндийн асуудлыг мөнгөөр хэмжишгүй. НҮБ-ын Хүүхдийн сангийн 2018 онд гаргасан “Аюулын харанга: Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” тайланд Улаанбаатар хотын агаарын нарийн ширхэгт тоосонцрын агууламж 3.320 мкг/м3 буюу Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын хүлээн зөвшөөрсөн хэмжээнээс даруй 133 дахин их байгааг дурджээ. Ийм хэмжээний өндөр бохирдолтой орчинд амьдрах нь хүүхдийн эрүүл мэндэд ихээхэн сөргөөр нөлөөлдөг. Уушгины үрэвсэл, бронхит, амьсгалын замын архаг өвчлөл гээд олон өвчнийг энд нэрлэж болох юм. Агаарын бохирдлын улмаас дээр дурдсан өвчнөөр өвдсөн хүүхдүүдийн эмчилгээнд жил бүр 4.8 тэрбум төгрөг зарцуулах төлөвтэй байгааг мөн дээрх тайланд дурджээ. Энэ судалгаа хэр оновчтойг өвөл бүр нийслэлийн эмнэлгүүдийн хонгилд ор тавин хэвтсэн, ханиалгасан, халуурсан хүүхдээ тэвэрч суугаа эхчүүдийн урт дарааллаас шууд харж болно. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо энэ оны нэгдүгээр сарын 30-нд зохион байгуулсан агаарын бохирдлын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын үеэр 2024 он гэхэд агаарын бохирдлоос үүдэн цаг бусаар нас барагсдын тоо 5200-14000-д хүрэх магадлалтай гэсэн эрдэмтдийн судалгааг иш татан мэдээлж байв.


Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг бүрэн арилгаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах эцсийн зогсоол барилгажилт. Гэвч 220 мянган өрхийг нэг дор орон сууцжуулах боломж манай улсад байтугай дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ч байхгүй. Тиймээс ч шат дараатай арга хэмжээ авч буй. 


1.1 сая тонн түүхий нүүрсийг 600 мянган тонн шахмал түлшээр орлуулна


2017 онд баталсан “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд шинэ дэвшилтэт технологид тулгуурлан 2025 он гэхэд нийслэлийн утааг 80 хувиар бууруулахаар Засгийн газар төлөвлөсөн. Үүнд нийт 9.9 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд хот төлөвлөлтийг боловсронгуй болгож, дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг нэмэн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж, орон нутгийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулах зэрэг 60 арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Төлөвлөгөө ёсоор хэрэгжүүлж буй ажлуудаас иргэдийн хамгийн их эсэргүүцэл, мэтгэлцээн дунд хэрэгжиж эхэлсэн нь мэдээж түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах шийдвэр.



Үүний араас магтаал, шүүмжлэл аль алийг дагуулсаар сайжруулсан шахмал түлш хэрэглээнд нэвтрэв. Тодруулбал, гэр хорооллын өрхүүдийн нүүрсний оронд хэрэглэх сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх “Таван толгой түлш” төрийн өмчит компанийг 2018 оны 12 дугаар сарын 28-нд байгуулж, ашиглалтад оруулсан. Тус үйлдвэр жилд 700 мянган тонн сайжруулсан шахмал үйлдвэрлэж, гэр хорооллын иргэдийн хэрэглээг хангах юм. Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн 5 хувь нь 9 дүгээр сард, 32 хувь нь 10 дугаар сард, 29 хувь нь 11 дүгээр сард жилийн хэрэгцээний түлшээ худалдан авдаг бол 21 хувь нь орлогын хэмжээндээ тохируулан жижиглэнгээр худалдан авдаг байна. “Таван толгой түлш” компани хэрэглэгчдийнхээ худалдан авалтын судалгаанд тулгуурлан 4 үйлдвэрийн 8 шугамыг 24 цаг тасралтгүй ажиллуулж, 66.328 тонн шахмал түлшийг гэрээт цэгүүдэд хүргэснээс 25 мянган тонныг нь борлуулжээ. Өвлийн ид ачааллын үед нийслэл хотыг түлшээр бүрэн хангах үүднээс 464.1 мянган тонн түлшийг хангамжийн бааз, дундын бөөний төв болон жижиглэн худалдаалах цэгүүдэд түгээх ажлыг зохион байгуулж байна.


Ерөнхийдөө сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх асуудал өнгөрсөн оноос ярьж эхэлсэн зүйл огтоос биш. 2008 онд Европын сэргээн босголт хөгжлийн банк, Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах “Цэвэр агаар” төсөл хамтран Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх тайлан илтгэл боловсруулж байжээ. Уг илтгэлээр сайжруулсан шахмал түлшийг ахуйн хэрэглээнд хэрэглэж агаарын бохирдлоос ангижирсан Лондон, Дублины туршлагыг нэвтрүүлэхийг Монгол Улсад зөвлөсөн байдаг. Энэ дагуу Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэрээс гарсан боловсруулсан нүүрсээр шахмал түлш хийх туршилтыг ШУА-ийн Эрдэс боловсруулалтын хүрээлэн 2014 онд хийсэн байдаг. Ухаа худагийн угаасан нүүрсээр хийсэн шахмал түлшний шаталтын хугацаа Багануурын нүүрснийхээс 2 дахин урт, илчлэг нь 1.7 дахин их учраас нийслэлд хэрэглэдэг 1.1 сая тонн түүхий нүүрсийг 600 мянган тонн шахмал түлшээр орлуулах бүрэн боломжтой гэдгийг тогтоосон юм. “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ноос ажлын баг байгуулж, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймаг, нийслэлийн 8 үйлдвэртэй танилцсан бөгөөд Тавантолгой дахь “Энержи Ресурс” ХХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн баяжуулсан эрчим хүчний нүүрс нь дэгдэмхий бодис бага, илчлэг өндөртэй болохыг тогтоожээ. Улмаар “Таван толгой түлш” компани уг нүүрсээр сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, 40 бөөний төв, 322 гэрээт борлуулагчаар дамжуулан нийслэлийн иргэдэд түгээж буй.



Нийслэлд түүхий нүүрс түлэхгүй, нэвтрүүлэхгүй байхад цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж буй. Тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн цагаас энэ 10 дугаар сарын 22-ныг хүртэл түүхий нүүрс нууцаар түлэх, нэвтрүүлэх 36 зөрчлийг цагдаагийн байгууллага илрүүлж, зөрчлийн хэрэг үүсгэхээр болж прокурорын байгууллагад хандсан байна. Түүхий нүүрс зөвшөөрөлгүй түлэх, нэвтрүүлэхэд иргэн 300 мянгаас нэг сая төгрөг хүртэл, ААН, байгууллага 10 сая төгрөгөөр торгуулах хуулийн заалт байгааг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан анхааруулж байсан юм.


Агаарын бохирдлоо бууруулж чадах эсэхийг айсуй өвөл харуулна


Сайжруулсан шахмал түлш хэрэглээнд нэвтэрснээс хойш тулгарсан хамгийн том асуудал нь олон иргэн угаартсан хэрэг байв. Энэ 10 дугаар сарын 22-ны байдлаар нийслэлийн зургаан дүүрэгт угаарын хийнд 701 хүн хордсоноос 44 иргэн эмчилгээ хийлгэж байгаа бол найман хүн нас бараад буй юм. Засгийн газар болон холбогдох байгууллагаас сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчийн дээжийг Хими технологийн хүрээлэнгийн лабораторид шинжлүүлсэн. Товчоор бол сайжруулсан шахмал түлшний найрлагад хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бодис илрээгүй гэсэн дүгнэлт гарсан. Түүнчлэн сайжруулсан шахмал түлшний дээжийг БНХАУ, БНСУ, Япон улсын лабораториудад хүргүүлсэн бөгөөд одоогоор хариу ирээгүй байгаа. Харин ОХУ-ын “Бюро Веритась Русь” компанийн “Регион Север Запад” лабораториос уг түлш 5679:2019 стандартын шаардлагыг хангасан гэсэн хариу ирүүлжээ. Тиймээс хүн угаартсан асуудал нь иргэд галаа буруу түлсэнтэй холбоотой хэмээн холбогдох албаныхан үзэж, нийслэлийн төрийн албан хаагчид гэр хорооллын өрхүүдэд сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх талаар зөвлөмж хүргэж буй юм. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл сайжруулсан шахмал түлшний талаар, “Энэхүү түлшийг аюулгүй гэдгийг шууд батлах хэцүү. Шинжлэх ухаан бол энэ түлш аюулгүй гэдгийг ганцхан тохиолдолд л хэлнэ. Тэр нь зуух, яндангийнхаа системийг сайжруулж, галлагааны зааврын дагуу зөв түлэх юм” хэмээсэн.



Улмаар иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд Засгийн газраас гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгасан. Үүнд зарцуулах 6 тэрбум төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гаргахаар болсон юм. Түүнчлэн Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 330 сая төгрөг гаргаж, эмнэлгүүдэд угаарын хий хэмжигч, илрүүлэгч суурилуулахаар болоод буй юм. Засгийн газар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлогоосоо ухрахгүй гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны 380 жилийн ойн баярын хурлын индрээс онцлон тэмдэглэлээ.


Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм. Харин ДЭМБ-ын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр энэ аравдугаар сарын 28-ны байдлаар Амгалан,  I хороолол, Баруун 4 зам, 100 айл орчимд агаарын чанар хэвийн буюу чанарын индекс 57-99 байна. Бусад байршилд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 106-168 байна.  Өнгөрсөн онд энэхүү үзүүлэлт 200 орчим байсан юм.


Цаашлаад агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй бусад ажлаас цухас дурдвал өнгөрсөн онд жирийн болон нам даралтын 171 ширхэг зуухыг зогсоож, нийтийн тээврийн үйлчилгээнд байгалийн шатдаг хийгээр ажилладаг 70 автобус нийлүүлэн, дизель хөдөлгүүртэй 24 автобусны хөө тортгийг 90 хувь бууруулах шүүлтүүр тавьсан. Харин энэ онд уг шүүлтүүрийг 150 автобусанд суурилах, 21 сургууль, цэцэрлэгийн халаалтыг цахилгаан, хийн болон бусад дэвшилтэт техник технологиор солих, 142 халаалтын зуухны янданд утаа шүүгч суурилуулах, 11 дүгээр сарын 1-нээс цахилгааны шөнийн тариф хөнгөлөх зэрэг ажлыг өрнүүлнэ. Үүнээс агаарын бохирдлыг бууруулах хамгийн том алхам болох барилгажилтын асуудлаас дурдвал “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууцыг түрээслэх, түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд олгох болсон. Үүнээс аравдугаар сарын 15-нд эхний 580 айл түрээсийн орон сууцанд орох батламжаа гардан аваад байгаа билээ. Цаашлаад Засгийн газрын “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгох нэн хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлээр 8000 айлын “Солонго-1”, “Солонго-2”, “Баянголын ам” хороолол, “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн хэлэлцээрийг баталж, газар чөлөөлөлт, дэд бүтцийн ажлыг эхлүүлээд буй юм.


Үе үеийн  Засгийн газар агаарын бохирдолтой тэмцэх олон бодлого, хөтөлбөр гаргаж, төсөл хэрэгжүүлж байсан ч бүгд шахуу цаас болон хоцорсон. Харин энэ Засгийн газар эсэргүүцэлтэй тулсан ч бодлогоо үргэлжлүүлж, үр дүнд хүрнэ гэдгээ мэдэгдээд буй. Тиймээс дээр дурдсан ажлуудын үр дүнг үзэх л үлдээд байна. Мэдээж хамгийн том сорилт  шалгалт айсуй өвлийн саруудад ирнэ.

Холбоотой мэдээ